Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг 30 хоногт тогтооно

AI мэдээ

Нөмрөгийн дархан цаазат газрын нийт 528,000 га талбайгаас 468 мянга нь ой, хээрийн түймэрт өртсөн талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өгсөн байна. Ойн тухай хуулиар сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан хохирол тогтоох ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа аж.

«30 хоногийн дотор хохирлын хэмжээг тогтоох хуулийн заалттай. Тиймээс энэ хугацаанд хохирлыг тогтоох асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Хохирлыг зөвхөн шатсан газрын талбайн хэмжээгээр хязгаарлахгүй. Ой, агаар, хөрс, газрын хэвлий, ургамал, ан амьтан гэх мэт бүх байдлаар хохирлыг тогтооно»

гэж сайд хэлсэн байна.

Газар дээр хэмжилт хийхээс гадна агаараас тандан судалж шинжилнэ. Хохирлыг тогтоосны дараа нөхөн төлүүлэх арга хэмжээг холбогдох хуулийн дагуу авч хэрэгжүүлнэ.

Ц.Сандаг-Очир: «Гал түймэр тавьсан эзэн холбогдогч нь тодорхой байгаа учраас цаг хугацаа алдах асуудал байхгүй байх» гэж хэлжээ.

Мөн үлдсэн шатаагүй газарт ан амьтад байгаа, хилээр гарч явсан тохиолдлууд байгаа учраас Нөмрөгийн дархан цаазат газрын хил дагуу 188 километр газарт торон саад хийх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярилцсан байна.

Нийгэм, эдийн засагУлс төрУншигчдад
0

Холбоотой мэдээ