Нийслэлийн суурьшлын бүсэд энэ жил долоон удаа баавгай оржээ

Нийслэлийн суурьшлын бүс рүү наймдугаар сарын 11-нээс хойш долоон удаа баавгай орсон тухай Байгаль орчны мэргэжлийн байгууллага мэдээлж, иргэдэд сэрэмжтэй байхыг зөвлөлөө.
Нийслэлийн Байгаль орчны газрын амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньд мэдээлснээр, 2022-2024 онд нийслэлийн ногоон бүсэд Шинжлэх Ухааны Академи, Биологийн Хүрээлэнгийн автомат камерын судалгаагаар Сэлбийн голын эх, Улиастайн голын эхэнд нэг, нэг баавгай суурьшиж байгаа нь батлагдсан байна.
Баавгай нийслэлийн бүсэд байхгүй байж байгаад буцаж ирж нутагшиж байгаа амьтан. Өмнө нь баавгай 2018 онд 1, 2019 онд 2, 2020 онд 1 нийт дөрвөн удаа суурьшлын бүс рүү хоол тэжээл хайж орж ирсэн тохиолдол бий
Энэ жил наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянгийн эхэд баавгай орж ирсэн дуудлага бүртгэгдэж, газар дээр нь ажиллахдаа иргэдэд хоол тэжээл, самар, жимсний олдцоос шалтгаалан баавгай орж байгаа тухай сэрэмжлүүлэг хүргэжээ. Улмаар «Богдхан ууланд баавгай байна» гэсэн дуудлага бүртгэгдсэн зэргээр өнөөдрийнхтэй нийлээд долоон удаа баавгай орж ирсэн байна.
Эдгээрээс хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс 180 километр орчим зайд буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг хүртэл тээвэрлэн байгальд тавьсан байна.
Баавгай аравдугаар сарын дунд үеэс арваннэгдүгээр сарын эхэн үед ичээндээ ордог бөгөөд мэргэжлийн 2-3 хүнтэй баг нийслэлийн суурьшлын бүсэд орж ирсэн баавгайг барьж, суурьшлын бүсээс холдуулах арга хэмжээг авч байна.
Иргэд баавгайтай таарвал Нийслэлийн Байгаль орчны газрын 7272-0303, нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 1131-0005 дугаарт яаралтай залгаж мэдэгдэхийг анхааруулжээ.
Сэрэмжлэх зөвлөмж
- Баавгай 25-30 километрийн зайнаас хоол, тэжээлийн үнэрийг авах чадвартай тул гэр орон, өвөлжөө, хаваржаанд ойрхон байгаа малын сэг зэмийг булах, булшлах
- Хадлан хадаж байгаа, жимс түүж байгаа иргэд хоол хүнснийхээ хог хаягдлыг өөрсдөөсөө холдуулах, битүүмж сайтай байлгах
- Аль болох ой модтой газраар аялахгүй байх
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

