Нийслэлд цэрэг татлага аравдугаар сарын 16-нд эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд болно. Энэ тухай НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт мэдээлэв.
Аравдугаар сарын 15-нд Д.Сүхбаатарын талбайд цэрэг халагдах үйл ажиллагаа нэгдсэн байдлаар зохион байгуулагдана.
Цэргийн албаны тухай хуулийн гуравдугаар бүлэгт зааснаар эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлөгдөх боломжтой. Ингэхдээ холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, цэрэг татлагын товчоонд хандана. Хүндэтгэн үзэх шалтгаанаа мэдэгдээгүй тохиолдолд зөрчлийн хариуцлага хүлээдэг.
Хуулийн 12.7-д зааснаар хөдөө, орон нутагт цэрэг татлагад хамрагдаж амжаагүй иргэд нийслэлийн есөн дүүргийн аль ч цэрэг татлагын товчооны байруудад хамрагдаж болно.
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Чингэлтэй, Налайх дүүргийн байрууд өөрчлөгдсөн. Чингэлтэй дүүрэгт 23 дугаар сургуульд, Налайх дүүрэгт «Эрдмийн оргил» сургуульд цэрэг татна.
Энэ удаагийн цэрэг татлагаас төгсөх дамжааны оюутнуудыг чөлөөлж байгаа. Оюутнууд сургуулийн тодорхойлолт, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, цэрэг татлагын байранд биечлэн очиж шийдүүлнэ.
Хуулийн 12.8-д зааснаар ажил олгогч байгууллагууд цэрэг татлагад ажилтнаа явуулах үүрэгтэй. Г.Ялалт: «Аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд ажилтныхаа хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэхэд дэмжлэг үзүүлж, иргэнийг цэрэг татлагад хамруулахыг уриалж байна. Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж цэрэг татлагын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаарай» гэв.
Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүрэг - 96-р сургууль
- Баянзүрх дүүрэг - 14-р сургууль
- Сүхбаатар дүүрэг - 3-р сургууль
- Сонгинохайрхан дүүрэг - 83-р сургууль
- Чингэлтэй дүүрэг - 23-р сургууль
- Хан-Уул дүүрэг - 34-р сургууль
- Налайх дүүрэг - «Эрдмийн оргил» сургууль
- Багануур дүүрэг - Хүний хөгжлийн ордон
- Багахангай дүүрэг - 91-р сургууль
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

