Нийслэлд томуугийн эсрэг дархлаажуулалтын аян эхэллээ

Нийслэлийн хэмжээнд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ. Энэ аян 10 дугаар сарын 3-ныг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва намрын хичээлийн шинэ жил болон өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байгааг хэлсэн. Тэрбээр энэ жил зорилтот бүлгийн 293,619 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэл ажлыг хангаад байгааг онцлов.
Өнгөрсөн жил нийслэлд томуугийн вакцинд 146 мянган иргэн хамрагдаж, томуугаар өвдөх эрсдэл 13 хувиар буурсан гэж мэдээлжээ. Харин энэ жил 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэд зэрэг өндөр эрсдэлтэй бүлгийн 293,619 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатарын хэлснээр, өнгөрсөн жил нийслэлд томуугийн 106,912 тохиолдол бүртгэгдсэний 50 хүртэлх хувийг 0-6 насны хүүхдүүд эзэлсэн. Нийслэлд энэ насны 230 орчим мянган хүүхэд амьдардаг бөгөөд тэдний 210 мянга буюу 80-аас дээш хувийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна.
Энэ жилийн улирлын томуугийн эсрэг вакцин нь БНСУ-д үйлдвэрлэсэн GCFLU Quadrivalent буюу дөрвөн цэнт вакцин бөгөөд томуугийн дөрвөн төрлийн вирусийн эсрэг дархлаа тогтоох үйлчилгээтэй аж. Вакцин хийлгэснээс хойш 10-14 хоногийн хугацаанд дархлаа тогтож, томуугийн халдвараас сэргийлэх хамгаалалт үүсдэг гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулалтад бүрэн хамруулснаар томуугийн халдвараас үүдэх эрсдэлийг 75 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж Н.Наранбаатар онцолсон. Иргэд өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэг болон эрүүл мэндийн төвд хандаж томуугийн вакцинд хамрагдах боломжтой гэж мэдээлжээ.
Холбоотой мэдээ

Хүүхдийн эрт илрүүлгийн явц, өвчлөлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

