Нийслэлд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 30 дуут гэрлэн дохио ажиллаж байна

Монгол улсад 12 мянга гаруй харааны бэрхшээлтэй иргэн бүртгэгдсэн ч нийслэлийн хэмжээнд тэдэнд зориулсан ердөө 30 дуут гэрлэн дохио ажиллаж байна.
Иргэн Г.Ууганбаатар хотын ихэнх гэрлэн дохио дуугүй тул харааны бэрхшээлтэй хүн ямар гэрэл асч байгааг мэдэх боломжгүй гэдгийг хэлэв. Тэрээр хэн нэгний тусламжгүйгээр гарцаар гарахад хүндрэлтэй, дуут гэрлэн дохио байсан ч хүнтэй мөргөлдөхөөс болгоомжлон удаан алхдаг учраас хугацаанд нь амжихгүй тохиолдол олон гардаг гэлээ.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн олон нийттэй харилцах ажилтан Л.Баярцэцэг анх 2015 онд Хараагүйчүүдийн үндэсний төвийн хүсэлтээр дуут гэрлэн дохиог суурилуулж эхэлсэн гэв. "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 30 байршилд дуут гэрлэн дохио ажиллаж байна. 2026 онд нэмэлтээр 72 байршилд дуут гэрлэн дохион байршуулахаар төлөвлөж байгаа. Харааны бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийн дагуу боломжит байршлуудыг судалж, дуут гэрлэн дохиог суурилуулдаг" гэж тэрээр хэллээ.
Түүнчлэн харааны бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийг хүртээмжтэй ашиглах боломжгүй байна. Автобус ирж байгаа эсэх, аль чиглэлд явахыг мэдэхийн тулд хэн нэгнээс асуух шаардлага гардаг.
Г.Ууганбаатар автобусны буудлын ард бичсэн чиглэлийн мэдээллийг брайл үсгээр эсвэл сонсох боломжтой аудио хэлбэртэй болговол зүгээр байх болно гэв. Тэрээр харааны бэрхшээлтэй хүн юу бичсэн байгааг мэдэж чаддаггүй, хүмүүсээс асуухад хэлж өгөх ч хүн байна, хэлж өгөхгүй ч хүн байдаг гэдгийг дурдав. Автобус гаднаа чиглэлийн дугаараа зарладаг төхөөрөмжтэй бол өөрсдөө очоод суух боломжтой гэж тэрээр нэмж хэлэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

