Нийслэлд гал түймэр, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн галлагааны аюулгүй байдлыг хангах, гал түймэр болон угаарын хийн хордлогоос сэргийлэх зорилгоор “Эрсдэлийг бууруулъя - Аюулгүй байдлыг хангая” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Уг ажлыг Нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Г.Жаргалсайхан мэдэгдэв.
“Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудын зүгээс ‘Эрсдэлийг бууруулъя-Аюулгүй байдлыг хангая’ уриан дор ард иргэдээ гал түймрийн болон угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөт ажлын зохион байгуулж эхэлж байна”, гэж тэр хэллээ.
2025 онд Улаанбаатар хотод 2,500 орчим гал түймрийн хэрэг бүртгэгдсэн. Шалтгааны 27 хувь нь цахилгааны монтаж, 63 хувь нь иргэдийн санамсар, болгоомжгүй байдлаас үүдэлтэй байна. Гал түймрийн 10 тутмын ес нь иргэн, ААН, байгууллагууд цахилгааны аюулгүй байдлаа хангачихвал гал гарахгүй байх боломжтой гэж үзэж байна.
Энэ жилийн галлагааны улиралд 5,000 өрхийн 20,000 орчим иргэн газан хийн халаагуурт шилжиж байгаа тул сонор сэрэмжтэй байх шаардлагатайг онцлов.
Нийслэлийн Онцгой Байдлын Газрын эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Ж.Хаш-Эрдэнэ сүүлийн өдрүүдэд хогийн цэгт гал түймэр гарах нь ихэссэн талаар мэдээлэв. Тамхины ишээ унтраахгүй хаях, цогтой үнс, нурмаа ил задгай газар хаях зэргээс гал түймэр гарч байна гэж тэрээр хэллээ.
“Цахилгааны аюулгүй байдлыг хангах тухайд нэг залгуурт олон зүйл залгахгүй байх, цахилгаан халаагуур хэрэглэхдээ хэт ачаалал үүсгэхгүй байх, пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг шалгаж байж галладаг байгаач ээ гэж хэлмээр байна” гэж Ж.Хаш-Эрдэнэ зөвлөв.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд суурилуулсан бөгөөд алслагдсан Багахангай, Багануур, Налайх дүүрэг багтжээ. Уг камер нь хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлж, 10 километр хүртэлх радиуст гал түймрийн аюулыг мэдрэх боломжтой юм.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

