Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр FARO Foundation, НЭМҮТ хамтран ажиллана

AI мэдээ
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр FARO Foundation, НЭМҮТ хамтран ажиллана

«Зөв бодол, зөв хоол, зөв амьдрал: Нийгмийн эрүүл тэсвэртэй чадамжийг хамтдаа бий болгох нь» уриан дор «Human Resilience Forum I 2026» арга хэмжээ энэ сарын 18-нд боллоо. Форумыг «Гэрэлт Цамхаг Сан Монгол» (FARO Foundation) ТББ болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) хамтран зохион байгуулсан бөгөөд эрүүл амьдралын хэв маягийг зөвхөн хувь хүний сонголт бус, гэр бүл, олон нийт, хүрээлэн буй орчинтой холбоотой гэдгийг онцолсон.

FARO Foundation-ыг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Бямбажаргал байгууллагын үйл ажиллагааны чиглэл, томоохон төслүүдийг танилцуулж, цаашид Цахим шилжилт ба хиймэл оюун ухаан, Уур амьсгалын өөрчлөлт ба сэргээгдэх эрчим хүч, Нийгмийн эрүүл мэнд гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхээ тэмдэглэв.

Оролцогчид нийгмийн эрүүл мэнд, зөв хооллолт, өдөр тутмын эрүүл дадал, зан үйлийн шинжлэх ухаан болон эрүүл мэндийн боловсролын асуудлыг олон улсын судалгаа, шинжлэх ухааны нотолгоо, статистик мэдээлэлд үндэслэн хэлэлцлээ.

НЭМҮТ-ийн захирал С.Гэрэлмаа Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх 12 чиглэл, өнөөгийн байдал болон хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй гол эрсдэлт хүчин зүйлсийг танилцуулав.

Анагаах ухааны доктор, нийгмийн эрүүл мэндийн магистр Луижи Граттон өдөр тутмын энгийн боловч тогтвортой дадал хүний урт хугацааны эрүүл мэндэд хэрхэн эерэг нөлөөлдөг талаар шинжлэх ухааны баримтад тулгуурлан хуваалцсан бол «HabiDo» төслийн удирдагч Г.Доржбалам зан үйл, шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлс болон эрүүл сонголтыг дэмжих орчныг хэрхэн бүрдүүлэх талаар илтгэл тавив.

Форумын панел хэлэлцүүлгийг «Young Global Leader» В.Ганзориг чиглүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр эрүүл амьдралын хэв маягийг дэмжихэд хувь хүн, нийгмийн хариуцлагын уялдаа, залуучуудын сэтгэл зүй, эрүүл мэндийн боловсрол, цахим орчин дахь эрүүл мэндийн мэдээллийг зөв таних, шүүн тунгаах асуудлыг хөндөн ярилцсан байна.

НЭМҮТ болон FARO Foundation хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Арга хэмжээний үеэр «FARO Foundation» болон НЭМҮТ албан ёсны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, цахим боловсрол, эрүүл мэндийн мэдээллийн зөв хэрэглээг төлөвшүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Тодруулбал, хүүхэд, өсвөр үеийнхэн, эцэг эхчүүдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох контент, богино хэмжээний видео, инфографик бэлтгэн түгээх, ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн боловсролыг дэмжих зэрэг цогц ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Мөн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг дотоод, гадаадын сургалтад хамруулах, бусад байгууллагыг татан оролцуулах замаар үйл ажиллагаагаа шат дараатай өргөжүүлэхээр тогтсон байна.

Цаашдын чиг хандлага

«Human Resilience Forum» нь цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд нийгмийн эрүүл мэнд, боловсрол, сайн сайхан байдлын асуудлаар төр, хувийн хэвшил, иргэний нийгэм болон мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх индэр болох юм.

«Human Resilience Forum I 2026» нь эрүүл амьдралын хэв маягийг бүтээхэд хувь хүний хичээл зүтгэлээс гадна үнэн зөв мэдээлэл, эрүүл орчин, олон нийтийн дэмжлэг нэн чухал болохыг нийгэмд таниулсан цуврал кампанит ажлын эхлэлийг тавилаа.

Эрүүл мэндУншигчдад
1

Холбоотой мэдээ