Нигерид метанол агуулсан ундаанаас 48 хүн нас барж, 182 хүн өвчилжээ

Нигери улсын хүнс, эмийн хяналтын байгууллага Бямба гарагт мэдээлснээр, метанол агуулсан согтууруулах ундаа хэрэглэсний улмаас 48 хүн нас барж, 182 хүн өвчилжээ.
Баруун өмнөд бүсийн Ондо мужийн гурван дүүрэгт гарсан энэ явдал нь орон нутагт «Сармагчны Сүүл» нэрээр танигдсан ундаанаас үүдэлтэй гэж үзэж байна.
Метанол нь дотоод эрхтний үйл ажиллагааг зогсоож, үхэлд хүргэх болон хараагүй болгох аюултай хортой бодис юм.
Нигери улсын хүнс, эмийн хяналт, зохицуулалтын үндэсний агентлаг NAFDAC-ийн мэдээлснээр, уг ундаанаас таван хүн бүрэн, хоёр хүн хэсэгчлэн хараагүй болжээ.
Хордлогын анхны тохиолдол энэ сарын эхээр бүртгэгдэж, хохирогчдын тоо аажмаар нэмэгдсээр байна.
Ундааг үйлдвэрлэж, худалдсан хэргээр эрх баригчид 15 хүнийг баривчлан шалгаж эхэлжээ.
«Би Баасан гарагт хоёр хундага уучхаад гарсан. Харин Бямба гарагт хараагүй болсноо мэдсэн» гэж хохирогчдын нэг 32 настай Сола Адебайо эмнэлгийн орон дээрээс орон нутгийн телевизийн сувагт ярьжээ.
Африк тивийн хамгийн олон хүн амтай (243 сая) улс болох Нигерийн хяналт сул хөдөө орон нутагт гар аргаар нэрсэн согтууруулах ундаа хэрэглэх нь түгээмэл байдаг.
Лабораторийн шинжилгээгээр сэжигтэй ундааны дээжээс үхэлд хүргэх аюултай спиртийн нэгдэл болох метанолын өндөр агууламж болон «индика» төрлийн каннабис илэрснийг NAFDAC мэдээлжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

