Неапольд мафийн эсрэг ажиллагаа: 3.2 сая евро, 34 баривчлагдсан

Неаполь хотын нэг орон сууцны барилгад даваа гарагийн үүрээр явуулсан гэнэтийн шалгалтын үеэр цагдаа нар хана, шал, тавилга дотор нуусан 3.2 сая евро (ойролцоогоор 3.6 сая доллар) бэлэн мөнгө илрүүлж, 34 хүнийг баривчилжээ.
Орон нутгийн карабинери (цэрэгжсэн цагдаагийн алба) хүчнээс мэдээлснээр, мафитай тэмцэх албаныхан 50 еврогийн дэвсгэртээр багцалсан энэ мөнгийг ажиллагааны үеэр олжээ.

Гялгар уутанд ороож, шал болон ханын плитаны доор, хувцасны шүүгээний нууц тасалгаанд хадгалсан мөнгийг цагдаа нар хувингаар зөөж, хуягласан автомашинд ачсан байна.
Түүнчлэн 11 ширхэг Rolex бугуйн цаг, зэвсэг, хар тамхи борлуулахад ашигладаг хэрэгслүүдийг илрүүлжээ.
Неаполийн мафитай тэмцэх албаны прокурор Никола Граттеригийн удирдлага дор олон сар үргэлжилсэн мөрдлөг шалгалтын үр дүнд эдгээрийг илрүүлсэн байна. Эрх баригчид мөрдлөгийн явцад шоронд хоригдож буй мафийн гишүүдийн утасны яриаг чагнаж байсныг хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн.
"Зөвхөн ганц айлын орон сууцнаас 3.2 сая еврогийн бэлэн мөнгө, үнэт эдлэлүүдийг илрүүлсэн нь энэхүү ажиллагааны ач холбогдлыг харуулж байна"
гэж прокурор Граттери хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Баривчлагдсан хүмүүс нь өнгөрсөн онд Неаполь хотын Кайвано дүүрэгт ноёрхлоо тогтоосны улмаас орон нутгийн засаг захиргааг шүүхийн хяналтад авахад хүргэж байсан "Анжелино" бүлгийн гишүүд байж болзошгүйг тэр нэмж мэдээлжээ.
Хураагдсан мөнгийг Италийн зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогчдыг дэмжих "Шударга Ёсны Сан"-д шилжүүлэх юм байна.
Сүүлийн үед мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд зарцуулдаг төсвөө засгийн газраар тануулах болсон Граттери энэ мөнгөний тодорхой хэсгийг утасны яриа чагнах ажиллагааны зардалд хуваарилах хэрэгтэйг хошигнон ярьжээ.
"Сайд мөнгө хэмнэхийн тулд утасны яриа чагнах ажиллагааны зардлыг танадаг. Гэтэл өнөөдөр бид Неаполь хотын бүтэн жилийн ийм үйл ажиллагаанд хүрэлцэх хэмжээний мөнгийг ганцхан өдрийн дотор илрүүлснээ Шударга Ёсны Санд шилжүүлж байна. Бидэнд хэд хэдэн ийм ажиллагаа явуулах шаардлага бий"
гэж тэр сэтгүүлчдэд хэлсэн байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

