Намрын ногоон өдрүүд 21-27-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

AI мэдээ
Намрын ногоон өдрүүд 21-27-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

"Намрын ногоон өдрүүд — Үндэсний үйлдвэрлэл 2026" нэгдсэн арга хэмжээ энэ сарын 21-27-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. ХХААХҮЯ болон Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба хамтран 21 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, шинэ ургацыг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой.

Энэ жил дотоодын үйлдвэрлэгчдийн шинэ ургацын төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэнэ.

Хүнсний болон хөнгөн үйлдвэр, ЖДҮ-ийн салбар, орон нутаг, органик бүтээгдэхүүн, газар тариалан, нийслэлийн ногоочдод зориулсан нийт 218 асар ажиллахаар төлөвлөгдөж байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд импортын төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ худалдаалахыг хориглож байгаа аж.

ХХААХҮ-ийн салбарын үйл ажиллагаа, үндэсний үйлдвэрлэгчдийг сурталчилсан арга хэмжээг өдөр бүр зохион байгуулах юм.

Арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн хурал болж, салбарын хяналт шалгалт, зөвшөөрөл, зохион байгуулалттай холбоотой асуудлаар хэлэлцжээ. Ажлын хэсгийн ахлагч, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн бэлтгэл бэлэн байдалтай холбогдох үүрэг чиглэл өгсөн байна.

Намрын ногоон өдрүүд нь өргөтгөсөн худалдаагаар Монгол орны 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломж олгодгоороо онцлогтой. Мөн тэргүүлэгч, манлай үйлдвэрүүд шинэ, шилдэг бүтээгдэхүүнээ танилцуулж хэрэглэгчдийн хүртээл болгодог.

ЖДҮҮ, үндэсний үйлдвэрлэлНийгэм, эдийн засагУншигчдад
2

Холбоотой мэдээ