Н.Учралын хамаарал бүхий сургууль төсвийн жагсаалтад байгааг УИХ-ын гишүүд батлав

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий боловсролын байгууллага төсвөөс хувьсах зардал авах сургуулиудын дунд байна гэх мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ асуудал өнөөдөр Ерөнхий сайдыг өөрийгөө шалгуулах хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт гаргах хүртэл хүрээгээ тэлэв.
Өглөөний хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцсон Ерөнхий сайдаас энэ асуудлыг тодруулахад Боловсролын яамны албан тушаалтныг "будилсан" хэмээж, нотлох баримт гаргаж ирэхийг шаардсан. Гэтэл үүний дараахан УИХ-ын нэр бүхий гишүүд Сангийн яамнаас ирүүлсэн төсвийн тодотголын задаргаанд "Гэрт ойр сургууль" хөтөлбөрийн хүрээнд төсвөөс хувьсах зардал авах сургуулиудын нэрс дунд Ерөнхий сайдын хамаарал бүхий "Их засаг кингс" сургууль байгааг батлав.
Үүнтэй зэрэгцэн УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандаж байгаа талаар мэдээлнэ гэдэг зар тарсан. Харин Засгийн газрын хэвлэлийн албанаас "Ерөнхий сайд Н.Учрал АТГ-ын гадаа мэдээлэл өгнө" гэдэг зарыг түгээв.
Зарласныхаа дагуу АН-ын төлөөлөл АТГ-ын хашааны гадна мэдээллээ эхлүүлээд зогсож байтал Ерөнхий сайд хамгаалагч болон бусад хүмүүсийнхээ хамт очиж таарснаар улс төрийн "хөөрхөн" бужигнаан болсон. Ерөнхий сайдын хамгаалагчид АТГ руу орох гэтэл хаалгыг нь хааж зогссон АН-ын талынхны эсэргүүцэлтэй тулж, "Бид мэдээлэл хийж байна" хэмээсэн тэднийг түлхэж холдуулсан ч хэл амыг нь дийлээгүй тул Ерөнхий сайд "бууж өгөөд", хүмүүсээ дагуулан буцаж явсан.
Ингээд АН-ынхан түрүүлж очсон газраа мэдээллээ үргэлжлүүлж, Ерөнхий сайд Н.Учрал АТГ-ын баруун талын хаалган дээр хэвлэлийнхний асуултад хариулт өглөө.
АН-ын зүгээс Ерөнхий сайд Н.Учралыг төсвийн тодотголд хамаарал бүхий этгээдэдээ 9.8 тэрбум төгрөгийн давуу байдал олгох асуудлыг тусгасан гэж үзэж, АТГ-т шалгуулахаар хандаж байгаа аж.
Харин Ерөнхий сайд Н.Учрал өөртэйгөө холбоотой цацагдаад байгаа мэдээллийг шалгуулах хүсэлтээ АТГ-т гаргасан. Тэрбээр "Миний үр хүүхэд, гэр бүл гээд бүх зүйл ил тод байдаг. Надад нуугаад байх зүйл байхгүй. Миний аав, ээж хоёр насаараа боловсролын салбарт зүтгэж байгаа хүмүүс. Миний хөгшин аав, ээжийг улс төртэй битгий хутгаач. Бид төсвөөс таван цаас аваагүй" хэмээсэн.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

