Н.Учрал: 57 дугаар сургууль улсын сургуулийн шинэ стандартын эхлэл болж байна

AI мэдээ
Н.Учрал: 57 дугаар сургууль улсын сургуулийн шинэ стандартын эхлэл болж байна

Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль энэ хичээлийн жилээс “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль болж, сурагчдаа хүлээн авлаа. Ерөнхий сайд Н.Учрал нээлтэд оролцож, улсын сургуулиудын шинэ стандартын эхлэл болж буйг онцлов.

Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ сургуулийг шинэчилсэн байна.

Ногоон сургууль

Тус сургууль халаалт, цахилгаандаа жилд 307 сая төгрөг зарцуулдаг байв. Одоо 50 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 46.8 кВт-ын батарей хуримтлуурын системтэй болж, цахилгаан үйлдвэрлэж, хуримтлуулах чадвартай болсон. Хэмнэсэн зардлаа анги танхимын агаарын чанар, эко орчин, гадна талбайн аюулгүй байдалд зарцуулах боломж бүрдсэн. Мөн өдөрт 40 кг органик хог хаягдлаас 20 кг орчим бордоо гаргах компостын шийдэл нэвтрүүлснийг сурагчид Ерөнхий сайдад танилцуулав. Сургуулийн нийт талбай 3,200 м² бөгөөд шинээр 1,253 м² талбайг зүлэгжүүлжээ.

Ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль

Сургуульд нийт 402 “Chromebook” бий болж, хичээлүүдийг 3D форматаар үзэх боломжтой болсон. Гидропоник системээр нэг ангид хоёр төхөөрөмж, нийт таван ангид 10 төхөөрөмж суурилуулж, 25-30 хүүхдийн 7-10 хоногийн шим тэжээлийн хэрэгцээг хангах ногоо ургуулж байна. Ангиудад 43 м² талбай цэвэршүүлэх хүчин чадалтай агаар цэвэршүүлэгч суурилуулсан нь 33 м² дундаж хэмжээтэй ангиудыг бүрэн хамрах юм. Ус цэвэршүүлэгч, аяга сав ариутгалын шийдэл нэвтрүүлж, засвар, будгийн ажилд анхаарчээ.

Аюулгүй орчны хувьд “Гэрт ойрхон сургууль” “Буух түр цэг-нийтийн зогсоол”-ын тохижилт хийж, ухаалаг хаалга суурилуулсан. Гадаа 14, дотор 6 камерыг дүүргийн теле камерын дэд төвтэй холбосон. Дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөр хэрэгжиж, сургуулийн бүсэд архи, тамхины худалдааг хязгаарлаж, хүүхдийг зам тээврийн осол, гэмт хэргээс хамгаалах цогц орчин бүрдүүлсэн байна.

Ерөнхий сайд Н.Учрал “Улсын сургууль орхигдсон, хувийн сургууль л чанартай гэсэн ялгааг арилгах ёстой. 57 дугаар сургууль нь улсын сургуулийн шинэ стандартын эхлэл болж байна. Ирэх оны төсөвт 100 сургуулийг ‘Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль’ болгох санхүүжилтийг тусгасан” гэлээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Биате Дастел “Ногоон сургууль бол эрүүл аюулгүй, цогц сургууль юм. Ийм хөтөлбөрийг техникийн арга зүйн чиглэлээр дэмжихэд бэлэн байна” хэмээв.

57 дугаар сургууль 1976 онд ашиглалтад орсон бөгөөд энэ хичээлийн жилд 1,340 орчим хүүхэд суралцаж байна.

Нийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ