Н.Наранбаатар: Монголчууд өдөрт ДЭМБ-ын зөвлөснөөс 2-3 дахин бага алхдаг

AI мэдээ
Н.Наранбаатар: Монголчууд өдөрт ДЭМБ-ын зөвлөснөөс 2-3 дахин бага алхдаг

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Н.Наранбаатар ирэх Бямба гарагт нийслэл хотын төв талбай дээр иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгөх талаар мэдэгдэв.

"Автомашингүй өдөр нь нийслэлд амьдарч байгаа бүх насныханд зориулсан нийгэм, соёлын цогц арга хэмжээ юм. Эрүүл мэнд хүний хөдөлгөөнөөс эхэлдэг. Зөвхөн өөрөө алхаад зогсохгүй гэр бүл, найз нөхөдтэйгээ энэ өдрийг алхаж өнгөрүүлэх боломжтой. ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг" гэв.

Төв талбай дээр болох арга хэмжээнд нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн үндэсний төвүүдийн эмч, мэргэжилтнүүд оролцож, иргэдэд тулгарч байгаа асуудлаар нарийн мэргэжлийн зөвлөгөө өгнө.

Мөн Нийслэлийн соёл урлагийн газар, биеийн тамирын газраас оролцож, иргэдэд зориулсан бүтэн өдрийн арга хэмжээг зохион байгуулна.

Ирэх Бямба гарагт 07:00-18:00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл, Өгөөжийн уулзвараас Сөүлийн гудамж, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар, Цаг уурын уулзвараас Төрийн ордон, Чингис хааны музей, МУИС, ШУТИС, МУБИС-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдийг алхах, гүйх нөхцөлөөр хангах аж.

Н.Наранбаатар "Өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулж, чанартай цаг гаргахыг уриалж байна. Эрүүл сайхан хотдоо аз жаргалтай амьдарцгаая" гэж уриалав.

Эрүүл мэндНийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ