Монтенегрогийн Ерөнхийлөгч Яков Милатович Монголд төрийн айлчлал хийж байна

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Тэднийг Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар албан ёсоор угтан авлаа.
Угтах ёслолын үеэр Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөж, хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, ёслолын буудлага үйлдсэн. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёслож, Яков Милатович хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.
Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монголд суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын суурин төлөөлөгч нартай мэндчилсний дараа Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Яков Милатович Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, хоёр улсын төрийн тэргүүн, гэргий нар товч уулзалт хийлээ.
Монтенегро Улсын Ерөнхийлөгч 2026 оны есдүгээр сарын 08-10-ны өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн юм. Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд хоёр улсын төрийн тэргүүн нар өмнө нь 2024 онд Бакуд, 2025 онд Нью-Йоркт уулзаж байжээ.
Монтенегро нь 630 гаруй мянган хүн амтай, парламентын засаглалтай орон бөгөөд НАТО-гийн гишүүн, 2028 онд Европын Холбоонд элсэх зорилт тавьсан. Тус улс Европын зах зээлд гарах боломж гэж судлаачид үзэж байна.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

