Монтенегрогийн Ерөнхийлөгч Монголд төрийн айлчлал хийж байна

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2026 оны есдүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар зочдыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, ёслолын буудлага үйлдсэн юм.
Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолж, Яков Милатович Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчилсний дараа Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Яков Милатович Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, товч уулзалт хийв.
Хоёр улс 2006 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Ерөнхийлөгч нар өмнө нь 2024 онд Баку хотноо, 2025 онд Нью-Йорк хотноо уулзаж байжээ.
Монтенегро Улс 630 гаруй мянган хүн амтай, 13,812 км² газар нутагтай, парламентын засаглалтай орон юм. Тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 9 тэрбум гаруй ам.доллар бөгөөд үүний 30 хүртэл хувийг аялал жуулчлал, үйлчилгээний салбар бүрдүүлдэг. Нэг хүнд ногдох ДНБ нь 14 мянган ам.доллар.
Монтенегро нь НАТО-гийн гишүүн бөгөөд 2028 онд Европын Холбоонд элсэх зорилт тавьсан. Хоёр улс 2023 онд Подгорица хотноо зургийн үзэсгэлэн гаргаж, 2025 онд номын нээлт хийж, өнгөрсөн зургаадугаар сард дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулсан шуудангийн марк гаргасан байна.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

