Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн анхны төрийн айлчлал: Хоёр улсын дипломат харилцааны 20 жилийн ойг тэмдэглэв

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж байна. Албан ёсны хэлэлцээний үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурж солилцлоо.
Хоёр улсын төрийн тэргүүн “Монгол Улс, Монтенегро Улс хоорондын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Мөн визийн шаардлагаас харилцан чөлөөлөх, дипломат сургалт, шинжлэх ухааны академи, худалдаа, аж үйлдвэрийн танхим, үндэсний радио, телевиз зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг талууд солилцов. Эдгээр документыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Б.Лхагважав, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл болон Монтенегрогийн төлөөлөгчид гарын үсэг зурж, солилцов.

Хэвлэлийн хурлын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалыг хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн гэж тодотгов. Тэрбээр “Монгол Улс, Монтенегро Улс газар зүйн хувьд алс хол оршдог ч хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, ардчилсан үнэт зүйлсээрээ ойр дотно” гэдгийг онцолсон. Мөн худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсоноо хэлж, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд ноос, ноолуурын бүтээгдэхүүнийг Монтенегрогийн зах зээлд нийлүүлэх боломжийн талаар ярилцсаныг мэдээлэв. Ерөнхийлөгч мөн ирэх аравдугаар сард Улаанбаатарт болох Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад Монтенегрог өндөр түвшинд оролцохыг урив.
Хариуд нь Ерөнхийлөгч Яков Милатович “Энэ айлчлал дипломат харилцааны 20 жилийн ойн хүрээнд, мөн манай улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 20 жилийн ойд давхцаж байна” гэж тэмдэглэв. Тэрбээр Монтенегро Улс Европын Холбоонд элсэх зорилтыг Монгол Улс дэмжиж буйд талархаж, хоёр улсын худалдаа, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.





Талууд улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулж, бодит үр дүнд хүрэхээр тохиролцсон гэдгийг ч онцлов. Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн анхны айлчлал нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн босгон дээр болж, харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн түүхэн ач холбогдолтой хэмээн талууд үнэлэв. Энэхүү айлчлалын хүрээнд нийт 8 баримт бичиг солилцсон гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолсон.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

