Монголын төмөр зам 20 зүтгүүр, 500-1000 вагон худалдан авахаар тохиролцов

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 9 дүгээр сарын 22-нд БНХАУ-ын CRRC группийн удирдлагатай уулзаж, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний худалдан авалт, санхүүжилт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам 2027 онд ашиглалтад орсноор тээврийн хүчин чадал нэмэгдэж, өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээг хангахын тулд зүтгүүр, вагоны паркийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Монголын талаас танилцуулсан байна.

Энэ хүрээнд "Монголын төмөр зам" ТӨХК-д шаардлагатай зүтгүүр, вагоныг холбогдох хууль, журмын дагуу санхүүгийн түрээсээр худалдан авах, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хугацааг урьдчилан төлөвлөж хамтран ажиллах саналыг CRRC-ийн удирдлагад тавьжээ. Талууд эхний ээлжид 20 зүтгүүр, 500-1000 вагон, 300 цистерн вагон худалдан авах чиглэлээр зарчмын хувьд харилцан тохиролцсон байна.

Худалдан авалтын санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банк, "Ди Би Эм Лизинг" ХХК болон БНХАУ-ын Хятадын экспорт, зээлийн даатгалын корпораци /SINOSURE/, бусад банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх боломжийг судалж байна.

Мөн ачааны вагоныг технологийн шаардлагад нийцүүлэн шууд хөмөрч буулгах болон дугуй солих боломжтой хийцтэйгээр үйлдвэрлүүлэх саналыг Монголын талаас тавьсан байна.

Талууд хөдлөх бүрэлдэхүүний нийлүүлэлт, санхүүжилт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний чиглэлээр мэдээлэл солилцож, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр санал нэгдсэн байна.

Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

