Монголын хоёр пара тамирчин Азийн пара наадмын бэлтгэлд Узбекистанд хамрагдана

AI мэдээ
Монголын хоёр пара тамирчин Азийн пара наадмын бэлтгэлд Узбекистанд хамрагдана

Азийн пара наадам энэ оны аравдугаар сард Японд болно. Тав дахь удаагийн наадамд Монголоос 40 орчим тамирчин спортын 10 төрөлд өрсөлдөхөөр төлөвлөж байна.

Азийн наадмыг зохион байгуулах олон улсын хорооноос “Аичи-Нагояд хүрэх зам” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ хөтөлбөрт Монгол Улсыг төлөөлөн пара хөнгөн атлетикийн тамирчид Г.Ган-Эрдэнэ, Н.Амин-Эрдэнэ нар хамрагдахаар болжээ. Тэдэнд өнөөдөр Монголын Үндэсний Паралимпын Хорооны тэргүүн Ч.Чимэд-Отгон батламжийг нь гардуулав.

Ч.Чимэд-Отгон “Олон улсын тамирчдын хамтарсан бэлтгэл Узбекистаны Ташкент хотноо есдүгээр сарын 11-нээс 19-нийг дуустал үргэлжилнэ. Пара хөнгөн атлетикийн хоёр залуу тамирчин Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Д.Махаширигийн хамт оролцохоор сонгогдлоо. Тивийнхээ шилдэг тамирчидтай хамт бэлтгэлээ базааж, туршлага судлаад амжилттай оролцоод ирээрэй” гэв.

Дасгалжуулагч Д.Махашири “Азийн наадмын тэтгэлэгт хөтөлбөрт багтсандаа баяртай байна. Азийн наадмын эрх авах тэмцээнд тамирчид маань хувиасаа зардлаа гаргаж явсан. Г.Ган-Эрдэнэ зээрэнцэг, бөөрөнцөг шидэлтээр Парисын олимпын рекорд эвдсэн. Хоёр тамирчин маань ирээдүйтэй бөгөөд олимпын медалийн төлөө зүтгэж байна” гэлээ.

Н.Амин-Эрдэнэ 16 настай бөгөөд хүүхдийн наадмаас алт, Азийн залуучуудын наадмаас хошой мөнгөн медаль хүртсэн. Азийн пара наадамд оролцох эрхээ авсан Монголын тамирчдаас тэр хамгийн залуу нь болж байна. Харин Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн жил Азийн залуучуудын наадмаас хошой алтан медаль хүртэж, энэ жил 18 настай болжээ.

СпортУншигчдад
1

Холбоотой мэдээ