Монголын Элчин сайд Д.Булган IFAD-ын Ерөнхийлөгчид итгэмжлэх захидлаа гардуулав

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Булган НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Ерөнхийлөгч Алварио Лариод итгэмжлэх захидлаа 2026 оны есдүгээр сарын 3-ны өдөр гардуулав.
Уулзалтын үеэр Элчин сайд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарын мэндчилгээг уламжилж, Монголын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрүүдийг танилцуулав. Мөн хөдөө, мал аж ахуйн тогтвортой хөгжил, малчдын амьдралын нөхцөлийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд IFAD-тай хамтын төслүүд чухал үүрэг гүйцэтгэж буйг тэмдэглэв. Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн боловсон хүчин бэхжүүлэх, залуу мэргэжилтнүүдийг IFAD-д дадлагажуулах боломжийн талаар санал солилцов.
IFAD-ын Ерөнхийлөгч Алварио Ларио Элчин сайд Д.Булганд амжилт хүсч, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв. Тэрээр Монголтой хөгжүүлж буй хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, хүний нөөц, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаа өргөжих боломжтойг онцлов.
Монгол Улс 1994 оноос IFAD-ын гишүүн бөгөөд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжлийн төсөл”-ийг Засгийн газар болон IFAD-ын хамтарсан санхүүжилтээр Архангай, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймгуудад хэрэгжүүлж байна.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

