Монголбанк инфляцыг 5 хувьд тогтворжуулах зорилт тавилаа

Монголбанк "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл"-ийн төслийг боловсруулж, олон нийтийн саналыг тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар нээж, баримт бичгийн агуулга, онцлог, ач холбогдлыг танилцуулав.
Монголбанк дунд хугацааны стратеги төлөвлөгөөндөө "Хараат бус, хариуцлагатай, итгэл даасан төв банк" байх алсын хараагаа тодорхойлж, мөнгөний бодлого болон санхүүгийн салбарын реформын шинжтэй асуудлуудыг үе шаттай шийдвэрлэж эхэлсэн. 2027 оны үндсэн чиглэл нь энэхүү стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх эхний томоохон алхам болохыг Э.Анар онцлов.

Хэлэлцүүлгээр Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд "Мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа" сэдвээр, Ерөнхий эдийн засагч Н.Батсайхан 2027 оны үндсэн чиглэлийн төслийн талаар тус тус танилцуулж, оролцогчидтой санал солилцов.


Нээлттэй хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөл, эдийн засагч, судлаач, иргэдийн 100 гаруй төлөөлөл оролцож, мөнгөний бодлогын баримт бичигт тусгах санал, байр сууриа илэрхийлэв.


Ирэх онд мөнгөний болон макро зохистой бодлогыг уялдуулан хэрэгжүүлж, инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилт тавигдана. Мөн төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтоох зарчмыг баримтална.
Банкны салбарын эрсдэл даах чадвар, хяналт, хариуцлагыг олон улсын стандартад нийцүүлэн бэхжүүлж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлийг удирдах тогтолцоог боловсронгуй болгоно. Төв банкны хараат бус, бие даасан, нээлттэй, хариуцлагатай байдлыг бэхжүүлж, төлбөрийн болон санхүүгийн захын дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, өгөгдлийн болон зээлийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх санхүүгийн хэрэгслүүдийг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.


Төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж, санал солилцох нь бодлого боловсруулалтад олон талын байр суурь, санал санаачилгыг тусган сайжруулах, бодлогын хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх ач холбогдолтой.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

