Монголбанк, Германы Холбооны банктай санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголбанк болон Германы Холбооны Банк (Deutsche Bundesbank) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдлаа.
Баримт бичигт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Бундесбанкыг төлөөлж Удирдах зөвлөлийн гишүүн ноён Лутц Линенкэмпер нар гарын үсэг зурав.

Хоёр төв банк 1990-ээд оны эхэн үеэс хойш 30 гаруй жилийн турш хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Санамж бичгийг байгуулснаар тэдний уламжлалт харилцаа шинэ шатанд гарч, институцийн түншлэл өргөжин бэхжих суурь тавигдаж байна.
Санамж бичгийн хүрээнд талууд мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, банкны хяналт шалгалт, төлбөрийн системийн дэд бүтэц, бэлэн мөнгөний удирдлага болон цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллана. Мөн төв банкны мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт, хөтөлбөрүүдийг идэвхжүүлэхэд онцгой анхаарал хандуулахаар төлөвлөжээ.

Төрийн айлчлалын үеэр банк, санхүүгийн салбарт байгуулсан энэхүү баримт бичиг нь хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад салбар дахь хамтын ажиллагааны өсөлтөд чухал түлхэц болно гэдгийг талууд уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.
Монголбанк цаашид олон улсын төв банкуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төлбөрийн системийн шинэчлэлийг эрчимжүүлэх, олон улсын тэргүүн туршлагыг үндэсний санхүүгийн тогтолцоонд нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Холбоотой мэдээ

Улаанбаатар хот тийболлын спортыг хөгжүүлэхээр Японтой хамтран ажиллана

Монгол, Германы Хамтарсан тунхаглалын гол агуулга: алт боловсруулах үйлдвэр, визийн хөнгөлөлт

Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг 30 хоногт тогтооно

Аппликэйшний зээлийн сарын хүү 4.5 хувиас хэтрэхгүй байхаар шийдвэрлэлээ

Баруун аймгуудын нутгаар цасаар шуурна

