Монгол Улс СОР17 бага хурлыг амжилттай зохион байгуулсанд Япон Улс баяр хүргэлээ

AI мэдээ
Монгол Улс СОР17 бага хурлыг амжилттай зохион байгуулсанд Япон Улс баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн авч уулзжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлалыг хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” өндөр түвшинд хөгжиж буйн илрэл гэж үзэж байгаагаа илэрхийлээд, “Гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэдгийг онцолсон.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцсон нь харилцааны түүхэнд бичигдсэнийг дурдаж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүссэн байна.

Зах зээлийн нийгэмд шилжиж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын Засгийн газар, ард түмэнд талархаж байдгийг тэмдэглэсэн.

Цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засаг, цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмал, гарааны бизнес, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай хамтрах, ард түмнүүдийн найрамдлыг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-д Японы төлөөлөгчид оролцсонд талархал илэрхийлж, ирэх сард Улаанбаатарт болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д гишүүд оролцоно гэдэгт итгэж буйгаа хэлжээ.

Хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр өргөтгөхөөр зарчмын хувьд тохиролцсоныг талууд сайшаасан.

Гадаад хэргийн сайд Т.Мотэги “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн “Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотолсон.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Япон Улсад төрийн айлчлал хийж, харилцааг шат ахиулж, “хүн төвтэй” “Тусгай стратегийн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжүүлэхээр тогтсон нь чухал түлхэц болж байгааг онцолжээ.

Мөн Япон Улс Монгол Улс СОР17 бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгааг тодотгосон.

Японы Гадаад хэргийн сайд нар өмнө нь 1989 онд С.Уно, 2004 онд Ё.Кавагүчи, 2010 онд К.Окада, 2019 онд Т.Коно, 2020 онд Т.Мотэги, 2022 онд Ё.Хаяши нар Монгол Улсад айлчилж байжээ. Монгол, Япон Улс 1972 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.

Улс төр
1

Холбоотой мэдээ