Монгол, Хятадын газрын тосны салбарт 20 жилийн стратегийн түншлэл байгуулахаар тохиролцов

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпорац /CNPC/-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, Монгол, Хятад хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон тухайгаа сайд сошиалд мэдээлжээ.
Уулзалтаар шатахууны урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, газрын тосны хайгуул, олборлолт, шинэ хайгуулын талбайн хамтын ажиллагаа, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамж болон нүүрс-химийн үйлдвэрлэлийн зэрэг чиглэлүүдээр тус бүрчлэн төлөвлөгөө гаргаж, судалгаа хийж хамтран ажиллахаар тохиролцжээ.

Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
CNPC-ийн зүгээс Монгол Улсад есдүгээр сард 10,000 тонн автобензин, 4,000 тонн онгоцны түлш, 3,000 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон байна.
Дотоодын шатахууны хэрэгцээ, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан есдүгээр сард нэмэлтээр 5,000 тонн АИ-92 автобензин, 20,000–30,000 тонн дизель түлш, аравдугаар сард 10,000 тонн АИ-92 автобензин, 30,000–40,000 тонн дизель түлш нийлүүлэх хүсэлтийг CNPC-ийн талд хүргүүлж, тэдний зүгээс шуурхай судалж нааштай хариу өгөх талаар ажиллахаа илэрхийлсэн байна.
Цаашид шатахууны нийлүүлэлтийг богино хугацааны худалдан авалтаар бус урт хугацаанд тогтвортой хангах гэрээ, баталгаат хэмжээ, ил тод шударга, ойлгомжтой үнийн томьёолол, төмөр замын логистиктэй уялдсан тогтолцоонд шилжүүлэх чиглэлээр CNPC болон “PetroChina International”-тай хамтран ажиллаж ойрын үед бодит гэрээ хэлцэлд хүрэхээр тохиролцжээ.

Газрын тосны хайгуул, олборлолтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн 2026–2030 оны хөрөнгө оруулалт, олборлолтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, шинэ цооног өрөмдөх, нөөцийг дахин үнэлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар олборлолтыг нэмэгдүүлэхээр болов.
Мөн жилийн олборлолтыг 0.8–1.0 сая тонн хүртэлх боломжит дээд түвшинд хүргэх техникийн болон эдийн засгийн үнэлгээг хамтран хийж, тодорхой замын зураглал боловсруулах юм.
CNPC-ийг Монгол Улсын шинэ хайгуулын талбайд хөрөнгө оруулалт хийхийг урьж, 1-2 шинэ талбайд хамтарсан урьдчилсан геологи-эдийн засгийн үнэлгээ эхлүүлэхээр тохиролцжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр баталгаатай хангах чиглэлээр хоёр тал ажиллана
2028 онд ашиглалтад орох Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийг тогтвортой ажиллуулахын тулд Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайгаас олборлох түүхий тосны нийлүүлэлтийг урт хугацаанд баталгаажуулах механизмыг бүрдүүлэхээр болжээ.
Энэ хүрээнд АҮЭБЯ, CNPC, “Daqing Oilfield” болон Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөөллөөс бүрдсэн хамтарсан техникийн баг байгуулж, түүхий тосны олборлолт, нийлүүлэлтийн хэмжээ, чанар, логистикийн асуудлыг нарийвчлан боловсруулна.
Мөн нүүрсний давхаргын метан хий, нүүрснээс нийлэг хий болон шингэн түлш үйлдвэрлэх зэрэг нүүрс-химийн технологийн хамтын ажиллагааг өргөжүүлж, нүүрсийг гүн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх боломжийг судална.

Уулзалтын мөрөөр АҮЭБЯ болон CNPC хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, нарийвчилсан замын зураглалыг эцэслэн батлахаар тогтжээ.
“Ингэснээр Монгол Улс, CNPC-ийн хамтын ажиллагааг зөвхөн шатахууны нийлүүлэлтээр хязгаарлахгүйгээр олборлолт–хайгуул–боловсруулалт–шатахууны нийлүүлэлт–нүүрс-хими гэсэн цогц хэлбэрээр урт хугацаанд өргөжүүлэх зорилт тавьж байна”
гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

