Монгол, Германы Хамтарсан тунхаглалын гол агуулга: алт боловсруулах үйлдвэр, визийн хөнгөлөлт

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Тунхаглалд Монголын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Германы Холбооны Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Бернхард Котч нар гарын үсэг зурсан.
“Монгол, Германы хамтарсан тунхаглал нь айлчлалын бүх үр дүнг нэгтгэсэн чухал баримт бичиг юм” гэж Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр хэлсэн.
Э.Одбаярын тайлбарласнаар, тунхаглалд ирэх 10 жилийн хамтын ажиллагааны чиглэл, хоёр улсын төрийн тэргүүний 2024, 2026 оны харилцан айлчлалын үргэлжлэл тусгагдсан.
Эдийн засгийн хамтын ажиллагаа
2011 онд уул уурхай, ашигт малтмалын салбарт байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцжээ. Мөн алт боловсруулах үйлдвэрийг Монгол Улсад хамтран барих, Германы аж ахуйн нэгжүүдээс дэмжлэг үзүүлэх эрмэлзлээ илэрхийлсэн.
Визийн хөнгөлөлт
Аялал жуулчлалын салбарын боломжийг өргөжүүлэх, иргэдийн харилцан зорчихыг дэмжих зорилгоор визийн нөхцөлийг хөнгөвчлөх, албан паспортыг визгүй болгох асуудлыг тунхаглалд тусгасан.
Нийгмийн даатгал, тээвэр
Германд ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн эрх ашиг, тэтгэврийн асуудлыг шийдвэрлэхээр Нийгмийн даатгалын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцжээ. Тээврийн салбарт жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх асуудлыг хоёр улсын Ерөнхийлөгч нар ярилцаж, ойрын хугацаанд хэлэлцээ хийхээр тохиролцсон. Улаанбаатар-Берлин чиглэлийн нислэгийг сэргээх, үнэ өртгийг бууруулах, давтамжийг нэмэгдүүлэхэд Германы тал дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн.
Мөн Франкфуртэд Ерөнхий консулын газар нээхийг Ерөнхийлөгч зарласан бөгөөд Германы тал үүнийг нааштай хүлээж авсан.
Боловсрол
Энэ жил хоёр улс боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойг тэмдэглэж байна. МУИС, ШУТИС, Германы-Монголын хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль (GMIT) нар Германы их, дээд сургуулиудтай гэрээ, санамж бичиг байгуулсан.
“Боловсролын салбарт маш үр өгөөжтэй айлчлал болж байна” гэж Э.Одбаяр хэлсэн.
Холбоотой мэдээ

Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг 30 хоногт тогтооно

Монголбанк, Германы Холбооны банктай санамж бичиг байгууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Берлиний "Neue Wache" дурсгалын цогцолборт цэцэг өргөв

Г.Очмаа: Бавари мужийн сонгуульд хоёр дахь удаагаа сонгогдлоо

Л.Гантөмөр: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд өгөх тогтоолын төсөл боловсруулсан

