Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг 2026 оны есдүгээр сарын 28-ны өдрөөс эхэлснийг Монгол Улс дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээлэв.
Анхны аяллын онгоц тус өдрийн өглөө 07:20 цагт Шинэ Дели хотын Индира Гандигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын T3 терминалд газардсан бол буцах нислэг нь 16:37 цагт Шинэ Делигээс Улаанбаатар руу хөөрлөө.
Нислэг долоо хоног бүрийн Даваа гарагт үйлдэгдэх бөгөөд аяллын хугацаа таван цаг үргэлжилнэ. Өмнө нь зорчигчид Хонконг, Бээжин, Сөүл хотуудаар дамжин 13-18 цаг аялдаг байсан бол шууд нислэгтэй болсноор замд өнгөрүүлэх хугацаа эрс багаслаа.
Нислэгийг Монгол Улсын "Хүннү Эйр" компани гүйцэтгэж байна. Тогтмол нислэг эхэлснээр Монголоос Энэтхэг рүү чиглэсэн Буддын шашны түүхэн дурсгалт газруудаар аялах иргэдийн тоо нэмэгдэж, эрүүл мэнд, эмчилгээний аялал хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн Энэтхэгийн иргэд Монголын өвлийн аяллын жуулчлалыг зорин ирэхээс гадна жилийн аль ч улиралд Монгол орны байгалийн үзэсгэлэн, түүх соёлын өвтэй танилцах нөхцөл бүрдэж байна.
Энэтхэг, Монгол улсууд иргэддээ визийг харилцан үнэ төлбөргүй олгодог болсон бөгөөд хоёр улсын иргэд цахим виз авах боломжтой.
Энэтхэг, Монголын хоорондын олон талт стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх болно. Ачаа тээвэрлэлт илүү хурдан, шуурхай бөгөөд өртөг багатай болохын хэрээр хоёр улсын худалдаа, арилжааг нэмэгдэхэд хүчтэй түлхэц үзүүлэх нь дамжиггүй
гэж БНЭУ-ын ЭСЯ-наас онцлов.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

