Монгол, АНУ консулын зөвлөлдөх уулзалтыг Вашингтонд зохион байгуулжээ

Монгол Улсын Гадаад харилцааны яам болон АНУ-ын Төрийн департаментын хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт 2026 оны есдүгээр сарын 28-нд Вашингтон хотноо болжээ.
Уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Консулын газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Биндэръяа, АНУ-ын талаас Төрийн департаментын Туслах төрийн нарийн бичгийн дарга Мора Намдар нар тэргүүлсэн байна. Мөн АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, ЭСЯ-ны дипломат ажилтнууд, АНУ-д суугаа бусад дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, АНУ-ын Төрийн департаментын Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл ДеСомбре болон холбогдох албаны төлөөлөл оролцжээ.

Хэлэлцээний үеэр хоёр орны консулын харилцаа, иргэдийн харилцан зорчих нөхцөл, саатуулагдсан болон ял эдэлж буй иргэдтэй холбоотой асуудал, түүнчлэн АНУ-ын визийн барьцаа хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй санал солилцжээ.
Монголын тал иргэдээ зорчиж буй улсынхаа хууль, журмыг чанд сахиж, зорчихыг зөвшөөрсөн хугацааг хэтрүүлэхгүй байхыг уриалсан "Хариуцлагатай аялцгаая" аяны талаар танилцуулсан байна. Түүнчлэн хилийн боомтын шалган нэвтрүүлэх чадавхыг бэхжүүлэх, үндэсний гадаад паспортын аюулгүй байдал, нууцлалыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, эдгээр хүчин чармайлт Монгол Улсыг АНУ-ын визийн барьцааны хөтөлбөрт хамрагдсан орнуудын жагсаалтаас ойрын хугацаанд гаргахад эергээр нөлөөлнө гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.
Харин АНУ-ын тал Монгол Улсад зорчиж буй болон оршин сууж буй АНУ-ын иргэдэд үзүүлж буй холбогдох дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, уулзалтын үеэр хөндөгдсөн асуудлуудаар цаашид идэвхтэй хамтран ажиллахаа нотолсон байна.
Талууд энэхүү консулын зөвлөлдөх механизм нь Монгол, Америкийн стратегийн яриа хэлэлцээний чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг онцолж, хоёр орны иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, харилцан зорчих нөхцөлийг сайжруулах, консулын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулахын ач холбогдлыг тэмдэглэсэн гэж ГХЯ-наас мэдээллээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

