МБХ: Шатахууны нийлүүлэлтийн шок үргэлжлэхээр байна

Монголын Банкны Холбоо (МБХ) 2026 оны хагас жилийн тайлангаа “Шоконд бэлэн үү” сэдвээр танилцуулж, шатахууны нийлүүлэлтийн шок үргэлжлэхээр байгааг анхаарууллаа.
МБХ-ны Гүйцэтгэх захирал Л.Амар Орос, Украины дайнтай холбоотойгоор Украины хилийн ойролцоох газрын тос боловсруулах үйлдвэрүүд бөмбөгдөлд өртсөний улмаас ОХУ-д газрын тос боловсруулах хүчин чадал 28 хувиар буурч, 89 мужийн 58-д нь шатахууны хязгаарлалт хэрэгжиж буйг онцлов. Тэрбээр "Дам нөлөө нь манай улсын иргэд 7-8 дугаар сард мэдэрсэн" гэжээ.
Монголын эдийн засаг дизель түлшинд тулгуурладаг бөгөөд уул уурхайн экспорт, ургац хураалт бүгд дизель шаарддаг. "Дизель түлш тасалдах, үнэ нь өсөх тохиолдолд эдийн засагт томоохон цохилт болох эрсдэл бий" гэж Л.Амар онцолсон. Махны үнэ өссөн нь нийлүүлэлт тасалдсантай холбоотой гэдгийг тэрбээр дурдав.
Ормузын хоолойн хөлөг онгоцны тээвэрлэлт 90 хувь буурсан нь боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн нийлүүлэлтэд нөлөөлж, Зүүн Өмнөд Ази, Зүүн Азийн орнууд болон Хятад, Япон, Солонгост хамгийн их нөлөөлсөн гэв. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп наймдугаар сард дэлхийн шатахууны нийт нөөц цөөхөн долоо хоногийнх үлдсэн гэж мэдэгдсэн талаар тэрбээр дурьдав.
Энэ оны эцэс, ирэх оныг амархан давах шинжгүй байгаа тул инфляц өндөр байх нөхцөл үүссэн гэж МБХ үзэж байна. Ийм нөхцөлд төсвийн зардлыг 28 хувь нэмбэл иргэдийн амьжиргааг улам хүндрүүлнэ гэдгийг анхааруулсан байна. Монголбанкны судалгаагаар төсвийн зардлыг 10 хувь нэмэхэд ДНБ-ийг урт хугацаандаа гурван хувиар бууруулдаг бол 28 хувиар нэмэх нь 10 нэгж хувиар бууруулах сөрөг үр дагавартай ажээ.
“Төсвийн зардлыг нэмчихээр Монголбанк инфляцыг өсгөхгүйн тулд бодлогын хүүгээ чангалдаг. Ингэснээр банкны зээлийн хүү өсөж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтаа хумьж, богино хугацаанд инфляц хөөргөөд, урт хугацаандаа эдийн засгийг хохироодог” гэж Л.Амар тайлбарлав.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

