Майкрософт Nvidia чиптэй Surface Ultra зөөврийн компьютер танилцууллаа

Майкрософт компани Nvidia-гийн хиймэл оюуны чипээр тоноглосон шинэ Surface Ultra зөөврийн компьютероо лхагва гарагт танилцуулсан байна. Уг төхөөрөмж 2,599 доллараас эхлэх үнэтэй бөгөөд аравдугаар сарын 16-наас худалдаанд гарна.
Майкрософтын гүйцэтгэх захирал Сатья Наделла Сан-Францискод болсон арга хэмжээний үеэр хэлэхдээ: "Миний хувьд цаашдын чиг хандлага маш тодорхой харагдаж байна. Бид хэзээ нэг цагт 'өө энэ нь дотоод (local), энэ нь гадаад (cloud) орчинд ажилладаг юм байна' гэж ялгаж салгахаа болих цаг ирнэ. Харин энэхүү 'hybrid intelligence' систем хаа сайгүй, бүх зүйлд нэвтэрсэн байх болно" гэжээ.
Тайзан дээр Nvidia-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуан хамт гарч ирж, ирээдүйн төсөөллийг дэмжсэн байна. Тэрээр хяналтгүйгээр даалгавар гүйцэтгэдэг "Agentic AI" системүүд ирээдүйн программ хангамжийн хөгжүүлэлтийн гол цөм болно гэдгийг онцолжээ.

Surface Ultra нь Nvidia-гийн энэ оны эхээр танилцуулсан RTX Sparc чипийг агуулсан аж. Хиймэл оюуны зарим даалгаврыг төхөөрөмж дотроо, заримыг Майкрософтын үүлэн технологид суурилсан алсын зайн үйлчилгээгээр гүйцэтгэдэг байна.
"Бид үүнийг техникийн хязгаарт тултал ажилладаг хөгжүүлэгч, бүтээгчдэд зориуллаа" гэж Майкрософтын Windows болон Төхөөрөмж хариуцсан дэд ерөнхийлөгч Паван Давулури хэлсэн байна.
Энэ нь өмнө нь Intel, Qualcomm ноёрхож байсан персонал компьютерын зах зээлд Nvidia нэвтрэх эхний алхам болж байна. Apple есдүгээр сард Mac mini болон Mac Studio ширээний компьютерүүдээ танилцуулж, хиймэл оюуны тооцооллыг дотроо боловсруулах чадвартай гэж сурталчилж байв.
Хоёр долоо хоногийн өмнө Майкрософт Word, Excel, Powerpoint бүтээгдэхүүнүүддээ хиймэл оюунт туслагч Copilot-ийг нэвтрүүлэхээ зарласан. Майкрософт нь OpenAI-гийн хамгийн том хөрөнгө оруулагч хэдий ч сүүлийн жилүүдэд тус компаниас хамааралгүй болохыг зорьж байгаа. Өнгөрсөн онд хоёр компани гэрээгээ шинэчлэхдээ Майкрософт OpenAI-гийн технологийн лицензийг 2032 он хүртэл онцгой бус эрхээр ашиглахаар тохиролцож байв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

