М.Батчулуунд бүх насаар хорих ял оноосон шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болголоо

AI мэдээ
М.Батчулуунд бүх насаар хорих ял оноосон шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болголоо

Жирэмсэн эмэгтэй болон бага насны хоёр хүүхдийг хөнөөсөн М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон байна.

Шүүгч Д.Очмандах бичсэн тоймд дурдсанаар, М.Батчулуун 2026 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр урьдын таарамжгүй харилцаатай байсан С-ийн гэрт нь орж, бага насны хүүхэд Ар-г хутгалж, хүнд гэмтэл санаатай учруулж, онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан алахыг завдсан, улмаар жирэмсэн эмэгтэй М, бага насны хүүхэд Аз-г тус тус хутгалж, хоёр хүнийг санаатай алсан үйлдлүүдийг Прокурор Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны тойргийн шүүх 2026 оны тавдугаар сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоор М.Батчулууныг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял шийтгэжээ.

Шүүгдэгч М.Батчулуун "гэмт хэрэг үйлдээгүй" гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, шүүгдэгчийн "...Биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж М-ийг хутгалж, онц харгис хэрцгийгээр алсан ..." үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар тусад нь зүйлчлээгүй орхигдуулсныг нөхөн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт "Хүнийг ...онц харгис хэрцгийгээр; ...хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ" гэж заасан.

Тодруулбал, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй үйлдлээр давж заалдах шатны шүүх зүйлчлэл нэмж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй учир Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ.

"Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно" гэж тус тоймд дурдсан байна.

Хууль, эрх зүйУншигчдад
0

Холбоотой мэдээ