Лабораториудын үйл ажиллагааг нэгдсэн тогтолцоонд оруулах шаардлагатай

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар, Эдийн засаг, хөгжлийн сайдын зөвлөх Б.Баярсайхан нар Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж, лабораториудын хүчин чадал, хүний нөөц, тоног төхөөрөмж, шинжилгээний төрөл, үйл ажиллагаатай танилцжээ.
Ажлын хүрээнд Алтанбулаг дахь гаалийн салбар лаборатори, Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн лаборатори, Сэлэнгэ аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори, Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Сорилтын лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлаар санал солилцсон байна.
Алтанбулаг дахь гаалийн салбар лаборатори нь импорт, экспортын бараа бүтээгдэхүүний найрлага, шинж чанарыг тодорхойлох, хүнсний чанар, аюулгүй байдал, мал, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн үзүүлэлтэд шинжилгээ хийдэг бөгөөд 57 нэр төрлийн бүтээгдэхүүнд 354 үзүүлэлтээр магадлан шинжилгээ хийх боломжтой аж.
Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн лаборатори мал, амьтны гоц халдварт өвчнийг илрүүлэх, оношлох, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн магадлан шинжилгээ хийдэг. Харин Сэлэнгэ аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори хүнс, ундны ус, ахуйн химийн бүтээгдэхүүн, хөрс, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хими, хор судлал, нян судлал, ургамлын үр, хорио цээрийн чиглэлээр сорилт шинжилгээ хийдэг бөгөөд жилд дунджаар 1,900-3,000 дээжид 6-12 мянга гаруй үзүүлэлтээр шинжилгээ хийдэг.
Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Сорилтын лаборатори хими, хор судлал, эрүүл зүйн нян судлал, таримал ургамлын үр, хорио цээрийн чиглэлээр ажилладаг бөгөөд 112 нэр төрлийн бүтээгдэхүүний 560 үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийх хүчин чадалтай гэж үзжээ.
Лабораториуд өөр өөрийн салбар, чиг үүргийн хүрээнд хүнсний аюулгүй байдал, мал, амьтны эрүүл мэнд, ургамлын хорио цээр, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа ч шинжилгээний зарим чиглэл давхцах, тоног төхөөрөмж, хүний нөөц, урвалж бодисын хангамж, хүчин чадалд ялгаатай байгаа нь ажиглагджээ.
Тиймээс лабораториудын үйл ажиллагааг салбар тус бүрээр нь авч үзэхээс илүүтэй улсын хэмжээнд чиг үүрэг, хүчин чадал, тоног төхөөрөмж, хүний нөөц, шинжилгээний төрөл, итгэмжлэлийн хүрээг нэгдсэн байдлаар зураглаж, лаборатори хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцоог сайжруулах шаардлагатай байгааг онцолсон байна.
Цаашид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй лабораториудыг нэгдсэн бодлого, стандарт, мэдээллийн сан, чанарын удирдлагын хүрээнд уялдааг хангахад бодлогын судалгаа, дүн шинжилгээ хийхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

