Л.Энх-Амгалан: Түгжилмаа бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ба түүний нөхөд

Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий "Их засаг кинг" сургуульд төрөлжсөн ахлах сургуулиудын тоног төхөөрөмжийн зардлаас 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохыг төсвийн тодотголд тусгасан гэх асуудал гарчээ. Энэ асуудлаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгсөн байна.
Тэрбээр УИХ-д өргөн барьсан төсвийн тодотголоор "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсныг дурдаад, төсвийн хэлэлцүүлгийн үеэр Өргөдлийн байнгын хорооны хуралдаан дээр задруулсан гэх эксэл файлын эзэд хэн байсныг тайлбарлахыг зорьж буйгаа илэрхийлэв.
"Намайг эзгүй хойгуур элдвээр харлуулж, золигт гаргах гэж оролдож байгаа юм байна. Намайг Монгол төрийн Түгжил гэж зарлалаа. Тиймээс би өнөөдөр Монгол төрийн хатиг, хавдар, түгжлүүдийг албан ёсоор баримттай зарлана. Би Монголын ард түмэнд тангараг өргөсөн болохоос биш ямар нэгэн улс төрийн бүлэглэлийн зангуунд ороогүй" гэж Л.Энх-Амгалан хэлэв.
Түүний мэдэгдлээр, Монголын төрийг хагалан бутаргаж буй бүлэглэлийн гар хөл болсон Түгжилмаа нь УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ба түүний нөхөд юм. Л.Энх-Амгалан 2021-2024 онд Боловсролын сайдаар ажиллахдаа А.Ариунзаяагийн зөвлөх Батцэцэг гэх бүсгүйг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар тавьж байснаа дурдаад, ажлаа өгсний дараа тэрбээр яамныхантайгаа өс зангидсан гэв. Мөн түүнийг "Боловсролын яамны хоёр дахь Сийлэгмаа" болсон, хаа яваа газраа Боловсролын яамтай холбоотой бүх файл надад байгаа шүү гэж явдаг гэж тодотгов.
Эксэл файлыг олон нийтэд задруулсан хүн бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн бэр О.Саранчулуун гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.
Л.Энх-Амгалан УИХ-д зөвхөн 2026 оны төсвийн тодотгол өргөн баригдсан бөгөөд түүнд "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль" арга хэмжээнд 50 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасныг онцлов. Өнгөрсөн таван сарын хугацаанд уг хөтөлбөртэй холбоотой бичиг баримтыг батлуулахын тулд олон файл бэлтгэгддэг бөгөөд улсын төсөв батлагдсаны дараа төсөвт тусгагдсан санхүүжилтийг төсвийн ерөнхийлөн захирагч нар тендерийн тухай хуулиар худалдан авалтыг зохицуулдаг гэж тайлбарлав.
Тэрбээр улсын төсөв батлагдаагүй байхад зарим хувийн сургуульд санхүүжилт олгох гэж байгаа үйлдлийг зогсоохыг нэр бүхий УИХ-ын гишүүдээс шаардаж байгаагаа илэрхийлээд, гарч ирсэн эксэл файлууд нь зөвхөн ажлын хүснэгтүүд гэж мэдэгдэв.
"Энэ хүмүүс гурав дахь жилээ улсын төсөв батлах гэж байгаа УИХ-ын гишүүд. Улсын төсөв хэрхэн батлагддаг талаар маш ойлгомжтой, мэдлэг чадвартай гишүүд гэдэгт би бүрэн итгэж байгаа. Гэхдээ энэ хүмүүс барьцаалагдсан байна. Нэр бүхий гишүүдийн хүүхдүүд бүгд хувийн сургуульд сурдаг юм байна. Энэ гишүүдийн үр хүүхдүүдтэй хичээлийн анги танхимд ардын хүүхдүүд хамт сууж болохгүй юу" гэв.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

