Л.Болдбаатарын "Монголоо дуулна" тоглолт энэ бямба гарагт болно

AI мэдээ
Л.Болдбаатарын "Монголоо дуулна" тоглолт энэ бямба гарагт болно

Монгол Улсын гавьяат жүжигчин Лосолын Болдбаатарын "Монголоо дуулна" тоглолт энэ сарын 19-нд, бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тоглолтын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өгсөн байна.

Гавьяат жүжигчин Л.Болдбаатар урлагт 25 жил хүчин зүтгэсэн бөгөөд энэ тоглолтыг 10 жил бодож, мөрөөдөж ирснээ хэлжээ. Тэрээр "Би болж өгвөл хүмүүсийн сонсох дуртай дуунуудыг дуулахаар оруулсан. Тэр үдэш хүн бүр дагаж дуулсан найр шиг сайхан тоглолт болно гэж найдаж байгаа" гэв.

Тэрээр 2004 оноос хойш Монгол бөхийн өргөө болон Улаанбаатар паласт тасралтгүй тоглолт хийсэн бөгөөд эдгээр тоглолттой харьцуулахад сандрал харьцангуй бага байгааг дурдсан. Мөн тоглолтын баг хамт олон сайн ажилласныг онцолж, "20 гаруй жил Лосолын Болдбаатар гэдэг нэр хүндийг олгож, өлгийдөж авсан түмэн олондоо баярлалаа. Миний дуу залуу үеийнхэнд хүрч буйд баяртай байгаа. Үнэнч сонсогчдодоо баярлалаа" гэж хэлсэн байна.

Тоглолтын тасалбарын 90 хувь нь өнөөдрийн байдлаар зарагдаж дууссан аж. Гурван өдрийн турш зарагдаад дуусах магадлалтай тул урьдчилан тасалбараа авахыг сануулжээ. Тоглолтын хаалга 15:00 цагт нээгдэж, 19:00 цагт албан ёсоор эхлэх юм байна.

Гитарчин Д.Өлзий-Орших тоглолтын талаар "Аливаа тоглолт маш олон хүний хичээл зүтгэл хөдөлмөрөөр бүтдэг. Намар маш их найр хурим болдог. Энэ намрын задгай талбайн сүүлийн тоглолт маань Монголоо дуулж, Монголоороо түрсэн сайхан тоглолт болно гэж найдаж байна" гэв.

Тэрээр "Чи над шиг дурлаж чадах уу" дууны талаар "дууг би намуухан сонсох юмсан гэж боддог байсан. Дууг хэн ч дуулж болно. Л.Болдбаатар энэ дууг дуулснаар хүмүүсийн анхаарлыг тоглолт руу татсан байх. Улс төрийн үймээн бужигнаантай өдрүүдэд "Чи над шиг дурлаж чадах уу" дууны хэрүүл хангалттай өндөрт гарлаа. Миний хувьд Л.Болдбаатар хангалттай сайхан дуулсан" гэж хэлсэн байна.

Мөн гадаадад байдаг найзууд нь уг дууны талаар "Чиний энэ дууг урьд нь сонсохоор юу гээд байгаа нь мэдэгдэхгүй Баакча орилоод байдаг. Одоо ингээд сонссон чинь ямар гоё үгтэй хайрын дуу вэ" гэж хэлснийг Д.Өлзий-Орших дурдав. Тэрээр "Чи яагаад дуулуулав гэхээс илүүтэй ямар гоё болов оо гэж хүмүүс над руу ярьсан" гэв.

СоёлУншигчдад
19

Холбоотой мэдээ