Коста Рика: Ерөнхийлөгчид мэдэгдэлгүй Трампын уулзалтад оролцсон гадаад хэргийн сайдыг халжээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Нью-Йорк хотод болсон Латин Америкийн аюулгүй байдлын уулзалтад өөрийн мэдлэггүйгээр оролцсон гадаад хэргийн сайдаа албан тушаалаас нь чөлөөлснийг Коста Рика улсын Ерөнхийлөгч Лаура Фернандес өчигдөр зарласан байна.
Мягмар гарагт болсон уг уулзалтыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хар тамхины картелийн эсрэг санаачилсан "Америкийн Бамбай" нэртэй эвслийн хүрээнд зохион байгуулжээ. Коста Рика улсыг тус уулзалтад гадаад хэргийн сайд Мануэл Товар төлөөлсөн байна.
Фернандес уг уулзалтад өөрөө оролцох ёстой байсан бөгөөд түүнтэй зөвлөлдөлгүйгээр Товар оролцсон нь "стратегийн асар том хохирол" учруулсан үйлдэл гэдгийг мэдэгдсэн байна.
Уулзалтын үеэр эвслийн 15 гишүүн орон хамтарсан мэдэгдэл гаргаж, 24 гэмт хэргийн байгууллагын гишүүд, дэмжигчдийн хөрөнгийг битүүмжлэх, визийн хязгаарлалт тогтоох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар амлалт авчээ. Трамп энэ үеэр хар тамхины картелийг "бөмбөрцгийн баруун хагасын ISIS (Исламын Улс)" гэж нэрлэсэн байна.
Латин Америкт тогтвортой байдлаараа алдартай Коста Рика улсад сүүлийн үед хар тамхитай холбоотой хүчирхийлэл огцом нэмэгдэж, эрх баригчид үүнтэй тэмцэж байгаа аж.
Товар өөрийг нь ажлаас халсан шийдвэрийн талаар тайлбар өгөхөөс татгалзаж, өнгөрсөн тавдугаар сараас хойш танхимдаа томилж ажиллуулсан Фернандест талархал илэрхийлжээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

