Канад Украины агаарын хамгаалалтад 254 сая долларын тусламж үзүүлнэ
Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй пүрэв гарагт уулзсаны дараа Канадын ерөнхий сайд Марк Карни агаарын довтолгооноос хамгаалах систем худалдан авахад зориулан 350 сая канад доллар буюу 254 сая ам.долларын тусламж олгох тохиролцоог зарласан байна.
Оросын агаарын цохилт эрчимжсэн нөхцөлд Украины хувьд баллистик пуужинг устгах чадвартай АНУ-д үйлдвэрлэгдсэн Patriot системийн хэрэгцээ өндөр байгаа аж.
"Орос улс энгийн иргэдийг ялгалгүйгээр онилсон харгис хэрцгий агаарын довтолгоогоо эрчимжүүлж буй энэ үед Украины агаарын довтолгооноос хамгаалах систем нэн чухал ач холбогдолтой юм" гэж Калгари хотод сэтгүүлчидтэй уулзахдаа Карни хэлжээ.
"Өнөөдөр Канад, Украин улсууд агаарын довтолгооноос хамгаалах чухал пуужинг нийлүүлэх гэрээг эцэслэн баталлаа. 350 сая канад долларын өртөг бүхий энэхүү тоног төхөөрөмжийн багц нь Украины ард иргэд, дэд бүтэц, агаарын орон зайг хамгаалахад туслах болно" гэж тэр нэмж хэлсэн байна.
Гэхдээ Карни ямар төрлийн пуужин нийлүүлэх, тусламж хэзээ хүрч эхлэх талаар мэдээлэл өгөөгүй.
АНУ-ын засаг захиргаа гуравдагч орнуудад өөрийн Patriot зэрэг системийг худалдан авч Украинд нийлүүлэх боломж олгодог хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд Канадын тусламж үүний нэг хэсэг аж.
"Энэхүү тусламжийн багцад талархал илэрхийлье. Одоогийн нөхцөл байдалд энэ нь нэн чухал ач холбогдолтой юм" гэж Зеленский хариу мэдэгдсэн байна.
Украиныг тууштай дэмжигчдийн нэг Канад улс дайн эхэлснээс хойш нийт 25.5 тэрбум канад долларын тусламж амласны 8.5 тэрбум нь зэр зэвсгийн тусламж юм.
Карни мөн Канад улс ойрын хоёр жилийн дотор олон сая нисгэгчгүй онгоц үйлдвэрлэдэг болох зорилт тавьсныг мэдээлсэн бөгөөд эдгээрийн гуравны нэгийг Украинд илгээх гэнэ.
Канад улсад 1.3-1.4 сая украин гаралтай хүн амьдардаг нь гадаад дахь энэ үндэстний хамгийн том хүн амын бүлгүүдийн нэг юм.
Өмнөх өдөр нь Канад улс ирэх өвөл Украины эрчим хүчний аюулгүй байдлыг дэмжих зорилгоор Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банканд 435 сая канад долларын зээл олгох шийдвэрээ зарлажээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

