Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт 15 хувьтай үргэлжилж байна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6,000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн. Долоодугаар сард бэлтгэл ажил эхэлж, гүйцэтгэгч компанийг шалгаруулсны дараа аравдугаар сарын 9-нд тохижилтын ажил эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 15 хувьтай байна.

Тохижилтын ажлыг "Гарден сити" ХХК гүйцэтгэхээр шалгарсан. Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагмын мэдээлснээр нийт 4,160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилжээ. Мөн 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан ба хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцөлсөн.
Цэцэрлэгт хүрээлэнд 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1,060 шар хуайс тарихаар төлөвлөжээ. Тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага байна. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил үргэлжилж байна.
- Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхлүүлнэ.
- Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцдаг болж, "Рио Тинто Монгол" ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна.
- Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хороолол, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ.
- Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байгаа бөгөөд зардлыг 2027 оны төсөвт тусгахыг хотын дарга Б.Пүрэвдагва мэдэгдэв.
Энэ онд нийслэлийн хэмжээнд 140 га талбайд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн арчлалт хийхээр ₮6.6 тэрбумыг төсөвлөжээ.
Холбоотой мэдээ

Багануур, Багахангай чиглэлийн автобусны эцсийн зогсоол аравдугаар сарын 23-наас өөрчлөгдөнө

Нийслэл хийн түлшинд шилжүүлэх ажлыг ирэх онд үргэлжлүүлнэ

Банкны нэр ашигласан хуурамч дуудлага, SMS нэмэгдэж байна

Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX-ийн хувьцаа бэлэглэхээ амлав

Капитрон банкны 2026 оны III улирлын санхүүгийн тайлан: нийт актив 4,041.2 тэрбум төгрөг

