ЖАЙКА Улаанбаатарт газрын тосны агуулах байгуулах төслийг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 30-нд Токио хотноо Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) Ерөнхийлөгч А.Танакаг хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ) Монгол Улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой байж ирснийг онцлов. Тэрбээр ЖАЙКА ул суурьтай судалгаанд суурилсан, үр өгөөжтэй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд "Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл"-ийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд төслийн хэрэгжилтийн хугацаанд "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах асуудлаар хамтран ажиллахыг Ерөнхий сайд хүсжээ.
ЖАЙКА-ын Ерөнхийлөгч А.Танака хоёр улсын найрамдалт харилцааны шинэ бэлгэ тэмдэг болсон "Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл"-ийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа хэлсэн байна.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг Япон Улсын Засгийн газраас дэвшүүлээд буй "POWERR Asia" санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА-аас дэмжин ажиллахаа илэрхийлжээ.
Түүнчлэн чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) Төлөөлөгчийн газар байгуулах саналыг ажил хэрэг болгох зэрэг чиглэлээр үр дүнтэй уулзалт болсон байна.
Талууд Монгол Улсын дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцаж, эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгаалал зэрэг салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт санал нэгдсэн байна.
Япон Улсын Засгийн газраас 1977-2025 онд Монгол Улсад зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

