Испанид орон сууцны тэмцлийн бэлгэ тэмдэг болсон 87 настай эмэгтэй нас баржээ

Испанид орон сууцны хямралын эсрэг өрнөсөн томоохон эсэргүүцлийн хөдөлгөөний гол дүр болсон 87 настай Марикармен Абаскал нас барсныг Мадрид хотын түрээслэгчдийн холбоо Лхагва гарагт мэдээлсэн байна.
Түүнийг нас барсан тухай мэдээ Мадридын гудамжинд тэмцэж буй хүмүүсийн уур бухимдлыг улам дэвэргэж, гашуудал авчирчээ.
Абаскал 70 гаруй жил амьдарсан гэрээсээ есдүгээр сарын 23-ны өдөр цагдаа, нийгмийн ажилтнуудын оролцоотойгоор албадан нүүлгэгдсэний дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд түүний байр үл хөдлөх хөрөнгийн компанид шилжсэний дараа түрээсийн төлбөр огцом өссөн нь ийм байдалд хүргэсэн юм.
Энэ явдлын дараа Мадрид хотын төв талбайд идэвхтнүүд майхантай суулт зарлаж, орон сууцны хомсдол, түрээсийн үнийн огцом өсөлтийг шийдвэрлэхийг эрх баригчдаас шаардсан.
Абаскалын нас барсан тухай мэдээ тарсны дараа "Пуэрта дел Соль" талбайгаас парламентын ордон руу олон мянган хүн жагсаж, "Энэ бол үхэл биш, энэ бол аллага!" хэмээн уухайлан хашхирч байв. Түүний нас барсан шалтгааныг одоогоор зарлаагүй байна.
Лхагва гарагт үйлдвэрчний эвлэлүүд орон сууцны асуудлаар арваннэгдүгээр сарын 11-ний өдөр улс орон даяар бүх нийтийн ажил хаялт зарлахаа мэдэгдсэн.
Ерөнхий сайд Педро Санчес өнгөрсөн долоо хоногт албадан нүүлгэлтийг зогсоох, түрээсийн үнийн дарамтыг хязгаарлах тухай хуулийн төслийг парламентад өргөн барьсан ч хүлээж аваагүй тул арваннэгдүгээр сарын 29-нд ээлжит бус сонгууль зарлахад хүрсэн.
"Түүнийг таалал төгссөний дараа бидэнд түүний тэмцлийн үлгэр жишээ өвлөгдөн үлдэж байна. Юуны түрүүнд бид түүний биднээс үргэлж хүсдэг байсан зүйлийг хүндэтгэн сахих болно. Энэ бол 'Тэмц, өөрийнхөө төлөө тэмцсээр бай' гэсэн уриа юм" гэж Мадридын түрээслэгчдийн холбооноос гаргасан мэдэгдэлд дурджээ.
Санчес олон нийтийн сүлжээгээр дамжуулан Абаскалын үхэлд эмгэнэл илэрхийлж, "Өнөөдрийн энэ гарзыг өөрийнх мэтээр мэдэрч буй бүгдэд тэврэлт илгээж байна" гэж бичжээ.
Испани улсын нутаг дэвсгэрийн бодлогын асуудал эрхэлсэн сайд Анхель Виктор Торрес мэдэгдэлдээ Абаскалыг "өөрийн гэсэн орон сууцтай болох, эсвэл одоогийн орон сууцандаа үлдэхийн төлөө тэмцэж буй олон гэр бүлд тохиолдож буй нөхцөл байдлын бэлгэ тэмдэг болсон хүн" гэж үнэлсэн байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

