Иргэдийн 67 хувь үнийн өсөлтийг тулгамдсан асуудал гэж үзэв

Монголын нийгэм, улс төрийн талаарх иргэдийн хандлагыг сар бүр хэмждэг “National Opinion” судалгааны наймдугаар сарын үр дүн гарчээ. Судалгаанд оролцогчдын 67.1 хувь нь үнийн өсөлтийг хамгийн тулгамдсан асуудал гэж нэрлэсэн бол 38.9 хувь нь авлига, 36.5 хувь нь боловсролыг дурджээ. Үүний дараа амьжиргаа (27.7%), эрүүл мэнд (23.8%), ажилгүйдэл, нийгмийн шударга ёс, хууль хэрэгжилт зэрэг асуудал жагссан байна.
Сүүлийн гурван сард амьжиргаа дордсон гэж үзэх иргэдийн хувь нэмэгдсэн хандлагатай байна. Дөрөвдүгээр сард оролцогчдын 9.8 хувь нь амьжиргаа “нэлээд дордсон” гэж хариулж байсан бол наймдугаар сард энэ үзүүлэлт 18.8 хувь болж, бараг хоёр дахин өссөн байна. “Бага зэрэг дордсон” гэсэн хариулт мөн 23.2 хувиас 27.2 хувь болж нэмэгджээ.

Харин амьжиргаа “бага зэрэг дээрдсэн” гэж үзсэн иргэд 12.8 хувиас 9.6 хувь болж, “нэлээд дээрдсэн” гэсэн хариулт 2.1 хувиас 1.1 хувь болж буурсан байна.
Нийтээр авч үзвэл оролцогчдын 46 хувь нь сүүлийн гурван сард амьжиргаа нь дордсон гэж хариулжээ. Энэ үзүүлэлт зургаадугаар сард 30.3 хувь, долдугаар сард 41.1 хувь байсан бол наймдугаар сард 46 хувь болж, сүүлийн хоёр сард мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Харин 10 хүн тутмын нэг орчим нь амьжиргаа сайжирсан гэж үзжээ.

Байршлаар авч үзвэл нийслэлийн иргэд амьжиргааны доройтлыг орон нутгийн иргэдээс илүү мэдэрсэн дүр зураг ажиглагдсан байна. Мөн амьжиргаа дордсон гэсэн хариулт нас, хүйс, өрхийн орлогын өөр өөр бүлэгт нийтлэг ажиглагджээ.
Ирэх гурван сарын талаарх хүлээлт ч төдийлөн өөдрөг биш байна. Оролцогчдын олонх амьжиргаа одоогийн түвшиндээ үлдэх эсвэл цаашид дордоно гэж төсөөлжээ.
Нийгмийн тулгамдсан асуудлыг улс төрийн аль нам хамгийн сайн шийдвэрлэж чадах вэ гэсэн асуултад сүүлийн зургаан сарын турш авсан судалгааны дүнгээс харахад “аль нь ч чадахгүй” болон “мэдэхгүй” гэсэн хариулт нийлээд оролцогчдын тал орчим хувийг эзэлж байна. Гуравдугаар сард эрх баригч МАН нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэж чадна гэж 27.9 хувь үзэж байсан бол наймдугаар сард 20.6 хувь болж буурчээ.
АН-ыг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэж чадах нам гэж нэрлэсэн иргэдийн хувь сүүлийн зургаан сард 17–23 хувийн хооронд хэлбэлзсэн байна. ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвслийг нэрлэсэн оролцогчид тус бүр 1–4 орчим хувийг эзэлжээ.
Наймдугаар сарын судалгаагаар оролцогчдын 37.5 хувь нь тулгамдсан асуудлыг “аль ч нам шийдэж чадахгүй” гэж хариулсан нь аль нэг намыг нэрлэсэн хариултуудаас өндөр байна.

Амьжиргааны дарамт нэмэгдэхийн зэрэгцээ улс төрийн намууд асуудлыг шийдвэрлэж чадна гэсэн иргэдийн үнэлгээ сул байгаа дүр зураг ажиглагдаж байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

