Интерполын эрх ямба, дархан эрхийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжив

AI мэдээ
Интерполын эрх ямба, дархан эрхийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжив

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын эрх ямба, дархан эрхийн тухай ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох эсэх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

Засгийн газраас 2026 оны есдүгээр сарын 8-ны өдөр ирүүлсэн төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцуулсан байна.

Интерпол 1923 онд байгуулагдаж, Монгол Улс 1991 онд гишүүнээр элссэн. Одоогоор 190 улс тус байгууллагын гишүүн бөгөөд түүний Ерөнхий ассамблейн 2025 оны 93 дугаар чуулганаар “Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын эрх ямба, дархан эрхийн тухай ерөнхий хэлэлцээр”-ийг баталсан аж.

Энэхүү хэлэлцээрийн зорилго нь Интерполын Үндсэн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн баталгааг бүрдүүлэх, гишүүн улсуудын төлөөлөгчид албан үүргээ бие даан, хараат бусаар саадгүй гүйцэтгэх нөхцөлийг хангахад оршиж байгааг сайд танилцуулав. Хэлэлцээрт тус байгууллагын байр, архив, мэдээллийн сүлжээ болон албан захидал харилцааны халдашгүй байдлыг хангах, шүүхийн болон хуульд заасан албадлагын арга хэмжээ, бүх төрлийн шууд татвар, хураамжаас чөлөөлөх зохицуулалт тусгасан байна. Мөн албан үүргээр зорчиж буй төлөөлөгч, алба хаагчдыг баривчлах, саатуулах, ачаа тээшийг нь нэгжихгүй байх хувийн халдашгүй байдлыг хангахын зэрэгцээ, тэдний албан үүрэгтэйгээ холбоотой хэлсэн үг, үйлдсэн үйлдэлд нь дархан эрх олгож, визийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт тусгажээ.

Хэлэлцээрийн 20 дугаар зүйлийн 1-т “Хэлэлцээр нь соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан эсхүл нэгдэн орсон тухай тав дахь батламж бичгийг хадгалуулсан өдрөөс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд одоогоор энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болоогүй байгаа юм байна.

Энэхүү хэлэлцээр нь заавал соёрхон батлах хэлэлцээрт хамаарч байгаа тул Олон улсын гэрээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Заавал соёрхон батлах олон улсын гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх, олон улсын гэрээнд гарын үсэг зурах шийдвэрийг Засгийн газар энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой урьдчилан зөвшилцөж гаргана” гэж заасны дагуу шийдвэрийн төслийг боловсруулжээ.

Г.Тэмүүлэн сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Д.Бум-Очир нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд энэхүү хэлэлцээрт нэгдэх асуудлыг тодорхой хугацаагаар хүлээх шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж, хэлэлцээрийн орчуулгад анхаарал хандуулах шаардлагын талаар тодорхой саналуудыг хэлсэн юм.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжиж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны энэ талаарх тэмдэглэл, санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.

Улс төрУншигчдад
0

Холбоотой мэдээ