Инфляц 13 хувь хүрч, оны төгсгөлд 18 хувьд хүрэх тооцоолол гарчээ

Монголын Банкны Холбоо (МБХ) өнөөдөр “Шоконд бэлэн үү” нэртэй 2026 оны эхний хагас жилийн тойм танилцууллаа. Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар банкны салбарын үзүүлэлт болон төсвийн тодотголын эрсдэлийн талаар мэдээлэв.
Түүний хэлснээр 2026 оны эхний хагаст банкны салбар харьцангуй тогтвортой байж, нийт актив өмнөх оноос 26 хувь нэмэгджээ. Зээл голдуу бизнесийн салбарт олгогдсон бөгөөд эдийн засгийн 7.7 хувийн өсөлтөд банкны салбар хувь нэмрээ оруулсан гэж үзэж буйгаа тэрбээр дурдлаа.
Харин өр орлогын харьцааг чангатгаснаар хэрэглээний зээлийн өсөлт хязгаарлагдаж, дахин санхүүжилт хомсдсон. Иргэдийн зээл төлөх чадвар муудаж, цалингийн, тэтгэврийн, картын, автомашины зэрэг зээлийн чанаргүйдэл нэмэгдсэн талаар Л.Амар ярив. Албан ёсны банкны салбараас гарч, өндөр хүүтэй зээлийг эмзэг бүлгийнхэн авч байгааг тэрбээр онцлов.
2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийн өндөр зардал, ялангуяа 2027 онд зардлыг 28 хувиар нэмэгдүүлсэн нь инфляцыг улам өсгөх эрсдэлтэйг Л.Амар тэмдэглэв. “Инфляц 13 хувь хүрч байна. Төсвийн нөлөөг тооцохгүйгээр оны эцэст 18 хувьд хүрэх тооцоолол бий” гэж тэрбээр хэллээ.
“Төсвийн тодотгол батлагдаад, урсгал зардал нэмэгдвэл гал дээр тос нэмсэнтэй адил болно. Инфляц нэмэгдэж, иргэдийн амьжиргаа доройтох эрсдэлтэй”
Шатахуун, махны үнэ, геополитикийн нөлөөгөөр цаашид үнэ өсөх эрсдэл бий. Төсвийн тодотгол нь төрийн албан хаагчид, тэтгэвэр авагчид зэрэг 200-300 мянган хүнийг инфляцаас хамгаалахыг зорьж байгаа ч хувийн салбарын 700-800 мянган хүний амьжиргаа улам дордох болзошгүйг тэрбээр анхааруулав.
“Төсөв дээр болгоомжтой хандаж, инфляц хөөрөгдөхгүйгээр иргэдийн амьжиргааг дэмжих арга замд анхаарах шаардлагатай” гэж Л.Амар дүгнэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

