Илон Маск Tesla болон SpaceX-ийг нэгтгэх асуудлыг судалж байна

Илон Маск өөрийн эзэмшлийн Tesla болон SpaceX компаниудыг нэгтгэх боломжийг нухацтай авч үзэж байгаагаа мягмар гарагт мэдэгдсэн. Тэрбээр SpaceX-ийн улирлын үр дүнг танилцуулах хурлын үеэр энэ санаа түүнд таалагдаж буй эсэхийг асуухад "Тийм ээ" гэж хариулсан байна.
Нэгтгэл хийхийн тулд хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл шаардлагатай бөгөөд хоёр компанийн дотор нөхцөлийг судлах тусгай хороод ажиллаж эхэлсэн гэдгийг Маск нэмж хэлжээ.
"Тусгай хороод нэгтгэх нөхцөлүүдийн талаар хараахан тохиролцоонд хүрээгүй, цаашид тохиролцоно гэсэн баталгаа ч байхгүй. Гэхдээ хоёр компанийг нэгтгэх нь олон давуу талтай бөгөөд ихээхэн үр өгөөж авчирна гэж би бодож байна" гэж тэр хэлсэн юм.
Tesla-гийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 1.5 их наяд доллар, SpaceX-ийнх 2 их наяд доллар хүрч байгаа тул нэгдэл хийгдвэл түүхэн дэх хамгийн том гүйлгээнүүдийн нэг болох нь.
Мягмар гарагт SpaceX-ийн хувьцааны ханш үндсэн арилжаа хаагдсаны дараа 8 хувиар өссөн. Сүүлийн нэг жилийн хугацаанд Маск өөрийн хэд хэдэн компанийг нэг бүтэц дор нэгтгэх алхмуудыг хийж байгаа. Жишээлбэл, энэ оны эхээр SpaceX нь xAI болон өмнө нь Twitter нэртэй байсан X платформыг өөртөө нэгтгэсэн.
Tesla болон SpaceX хамтран компьютерын чип үйлдвэрлэх "Terafab" төслийг эхлүүлсэн нь Маск компаниудыг хамтран ажиллуулах нь илүү үр дүнтэй гэж үздэгийг харуулж байна. Мягмар гарагт тэрбээр чип, хиймэл оюун ухаан, программ хангамж зэрэг чиглэлээр хоёр компанийг бүрэн нэгтгэх нь оновчтой шийдэл гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Энэ оны дундуур SpaceX-ийг хөрөнгийн зах зээлд гаргасны дараа дэлхийн анхны "цаасан дээрх" их наядтан болсон Маск тусгай хороодын аль алинд нь оролцоогүйгээ баталсан. Тэрбээр Tesla болон SpaceX-ийн гүйцэтгэх захирлын хувьд өөрийгөө "ашиг сонирхлын зөрчилтэй этгээд" гэж тодорхойлсон байна.
Хоёр компанийг нэгтгэх боломжийн талаар ярихдаа Маск үүнийг "тэсрэх бөмбөгтэй талбай дээр бүжиглэхтэй адил" гэж тодорхойлжээ. Теслагийн хувьцаа эзэмшигчдийн дор хаяж 50 хувь нь нэгдлийг дэмжих шаардлагатай бөгөөд Маск үүнийг "давахад нэлээд өндөр саад" гэж үзэж байна.
Хувьцаа эзэмшигчид өмнө нь Маскийн санаачилгыг дэмжиж байсан. Тухайлбал өнгөрсөн онд Теслагийн хөрөнгө оруулагчдын олонх нь ойролцоогоор 1 их наяд долларын үнэлгээ бүхий урамшууллын багцыг Маскт олгохыг дэмжсэн.
Tesla нь цахилгаан автомашин үйлдвэрлэгчээр алдартай ч Маск сүүлийн үед компанийн нөөцийг робот техникт чиглүүлж эхэлсэн. SpaceX хөрөнгийн зах зээлд анх гарахдаа үнэлгээгээрээ Теслаг удалгүй гүйцэж түрүүлсэн.
Сансрын пуужин болон Старлинк интернэт хиймэл дагуулуудыг үйлдвэрлэдэг SpaceX одоо үйл ажиллагаагаа тэлж, Anthropic, Google зэрэг технологийн компаниудад үүлэн тооцооллын үйлчилгээ санал болгож эхэлсэн. Энэ чиглэл нь SpaceX-ийн хамгийн ашигтай салбар болж, сүүлийн улирлын тайлангаар 7.5 тэрбум долларын орлого оруулсан ч компани нийт дүнгээр энэ онд одоогоор 1.1 тэрбум долларын алдагдалтай ажиллаж байна.
Холбоотой мэдээ

Нөмрөгийн дархан цаазат газрын 468 мянган га талбай түймэрт өртжээ

НӨАТ-ын сугалааны тохирол: хоёр супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн болов

Годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 20 гаруй мянган ямаа устгагдсан

Увс аймгийн Тариалан суманд 26 настай эмэгтэй малаа хайж яваад сураггүй болжээ

Г.Тэмүүлэн: «Онтре» татвар төлснөөр тусгай зөвшөөрөл шилжсэн гэсэн үг биш

