Илон Маск Пентагоны «Меридиан» төсөлд зөвлөхөөр ажиллана

AI мэдээ
Илон Маск Пентагоны «Меридиан» төсөлд зөвлөхөөр ажиллана

АНУ-ын Пентагоны «Меридиан» төсөлд Илон Маск зөвлөх үүрэгтэй ажиллахаар болсон талаар AFP мэдээлэв. Тус төслийг Пентагоны зүгээс «ирээдүйн дайныг судлах ажил» хэмээн тодорхойлжээ.

Квантико цэргийн баазад Пентагоны тэргүүн Пит Хэгсэт үг хэлэхдээ «Меридиан» төсөл нь «дайны ирээдүйг судлах чиглэлээр Америкийн шилдэг сэтгэгчдийн удирдан явуулах ажил байх болно» гэж мэдэгдсэн байна.

«Бид өрсөлдөгчдөд маань байхгүй, Америкийн давуу тал болсон өвөрмөц нөөц бололцоог ашиглах гэж байна. Энэ бол манай шинийг санаачлагчид, шилдэг удирдагчид болон технологийн мэргэжилтнүүд юм» гэж тэр хэлсэн юм.

Маск төслийг «Anduril Industries» компанийн хамтран үүсгэн байгуулагч, 34 настай Палмер Лаки болон Бүгд Найрамдах Намын гишүүн, Төлөөлөгчдийн танхимын дарга асан, 83 настай Ньют Гингрич нартай хамтран удирдах гэнэ.

Маск өмнө нь засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх газрыг тэргүүлж байсан ч Трамптай олон нийтийн өмнө зөрчилдсөний улмаас өнгөрсөн оны тавдугаар сард уг албан тушаалаасаа чөлөөлөгдөж байв. Тэрбээр 2024 оны сонгуулийн үеэр Трампыг дэмжиж, түүнийг Цагаан ордонд буцаж ирэхэд нь тусалсан боловч хожим ерөнхийлөгчтэй төсвийн зарцуулалтын тухай хуулийн төслийн асуудлаар томоохон маргаан үүсгэж байжээ.

Сүүлд Маск Бүгд Найрамдах Намын үйл ажиллагааг, тухайлбал бие даасан нэр дэвшигчид болон консерватив улс төрийн бүлгүүдэд олон сая долларын хандив өгөх замаар дахин дэмжих болсон байна.

Хэгсэт уг төслийн зорилгыг «ирээдүйг бүтээлчээр харж, бидний эзэмших ёстой салбар болон эзэмших шаардлагатай чадавхуудыг тодорхойлох» явдал гэж тайлбарлажээ. Төслийн багт хувийн хэвшлийн шилдэг удирдагчид болон инновац, эрдэм шинжилгээ, бодлогын хүрээний салбарын мэргэжилтнүүд багтах бөгөөд тэднийг тусгайлан сонгон шалгаруулж авах аж.

«Меридиан» төслийн үр дүнг 120 хоногийн дотор боловсруулж, танилцуулах үүрэг өгснөө Хэгсэт мэдэгдсэн байна.

Улс төрУншигчдад
4

Холбоотой мэдээ