«Их засаг кинг» сургуулийн маргаан МАН, АН-ын тэмцэл болж хувирав

Ерөнхий сайдын хамаарал бүхий «Их засаг кинг» сургуулийн асуудлаар Боловсролын сайд Л.Энх-амгалан тодруулга хийсэн. Тэрээр уг сургууль яамны судалгаанд орсон хэдий ч төсвөөс нэг ч төгрөг аваагүй бөгөөд сургууль өөрөө татгалзсан учраас хамтарч ажиллахгүй гэдгийг мэдэгдэв.
«Гэрт ойр сургууль» хөтөлбөрийн хүрээнд ямар хувийн сургууль, цэцэрлэгүүд улсаас мөнгө авч байгааг шүүж үзсэн гэж сайд хэлсэн.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төсвөөс 1.3 тэрбум төгрөг авсан бол Лу.Гантөмөрийн хамаарал бүхий «Глобал» сургууль мөн төсвөөс мөнгө авсан гэдгийг Л.Энх-амгалан дурдав.
«Ямар нүүрээрээ хэвлэлд ярилцлага өгөөд явж байгаа юм бэ? Суулт хийж байгаа залуу төсвөөс нэг ч төгрөг аваагүй Ерөнхий сайдаас биш, намынхнаасаа хариуцлага шаард» гэж тэрээр мэдэгдсэн.
Харин О.Цогтгэрэл, Лу.Гантөмөр нар шууд няцаасан хариулт өгсөн.
Л.Энх-Амгалан илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан байна. МАН-ынхан намайг өөрсөд шигээ авлигач, хулгайч болгох гэж хичээж байх шиг байна. Амжихгүй шүү! Надад хувийн цэцэрлэгийн бизнес байхгүй
гэж АН-ын дарга О.Цогтгэрэл хэлэв.
Тэрээр 2022 онд ТОП-100 ААН-ийн дэргэд улсын цэцэрлэг ажиллуулах хүсэлт гаргасан бөгөөд үүнээс өмнө ТЭСО групп үнэ төлбөргүй байр гаргаж, улсын цэцэрлэг ажиллуулж байсныг Л.Энх-амгалан сайд сайн жишиг гэж уулзалт бүхэн дээрээ дурдаж байсныг дурдав.
Сонгинохайрхан дүүрэгт 55-р цэцэрлэгийг байрлуулж байсан бөгөөд энэхүү цэцэрлэг татан буугдсаны дараа Хан-Уул дүүрэгт улсын 322-р цэцэрлэгийг ажиллуулж байгаа. Гэхдээ улсын цэцэрлэг учраас данс тооцоог улсаас шийддэг гэж О.Цогтгэрэл тайлбарлав.
ТЭСО группийн зүгээс улсын цэцэрлэгт 5 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж, 500 сая төгрөгөөр тохижуулж өгсөн
гэж тэрээр нэмэв.
УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр цахим хаягаараа дамжуулан «Энх-Амгалаан, наад солиотой галзуу гүтгэлгээ зогсоогоорой. Хувийн сургуультай мэтээр миний нэртэй холбон мэдээлж байгаа нь үндэслэлгүй» гэж мэдэгдсэн.
Ийнхүү «Их засаг кинг» сургуулийн маргаан эцэстээ МАН болон АН хоорондын тэмцэл болж хувирлаа.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

