ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх төвд ажиллаж, нөхцөл байдалтай танилцжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Төв аймгийн Баян суманд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх төвд өчигдөр ажиллаж, бодит нөхцөл байдалтай танилцжээ.
Тус төвд одоогоор согтуурах донтой 58, мансуурах донтой 3 хүн албадан эмчилгээ хийлгэж байна. Жилд дунджаар 400-500 хүнийг хүлээн авдаг бөгөөд сүүлийн 10 жилд нийт 5,197 хүн хэвтэн эмчлүүлж, 3,805 хүнийг архины хамаарлаас гаргасан байна.
"Согтуурах болон мансуурах бодисын хамаарал нэмэгдэж, түүнээс шалтгаалсан гэмт хэрэг, зөрчил буурахгүй байгаа өнөөгийн нөхцөлд энэ асуудлын цар хүрээ нь зөвхөн Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүчин чадал, боломжийн хүрээнээс хэдийн давсан байна. Иймээс нэг байгууллага дангаараа энэ асуудлыг шийдвэрлэх бус, төрийн холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, хамтын оролцоонд тулгуурласан цогц тогтолцоог бүрдүүлэх шаардлага үүссэн байна" гэж С.Амарсайхан хэлсэн байна.
ХЗДХ-ийн сайдын чиг үүргийн дагуу Эрүүл мэндийн яам хэвтэн эмчлүүлж буй иргэдийн эрүүл мэндийн тусламж, эмийн хангамжид анхаарч, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийн мэргэшил дээшлүүлэх, техник, тоног төхөөрөмжөөр хангах, мансууруулах бодисын хамааралтай иргэдийг эмчлэх стандартыг шинэчлэхээр боллоо. Мөн согтуурах, мансуурах донтой иргэдийн эмчилгээг тусгаарлан зохион байгуулах боломжийг судалж, хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Албадан эмчилгээний зардлыг Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангаас гаргадаг тогтолцоог халж, Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангаас гаргадаг болгох зохицуулалт хийхээр болсон байна.
Мөн архины албадан эмчилгээнд хамрагдаад нийгэмшихэд бэлэн болсон иргэдийг олон сар байлгахгүйгээр нийгэмшүүлэх ажлыг хийх, холбогдох журмыг өөрчлөх асуудлыг судалж, шийдвэрлэхийг сайд үүрэг болгосон. Тэрээр энэ асуудалд төрийн байгууллагууд урьдчилан сэргийлэхээс эмчлэх, нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлүүлэх хүртэлх цогц тогтолцоо бүрдүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

