Хуурамч и-баримт үүсгэж урамшуулал авсан этгээдийн хэрэг шүүхэд шилжлээ

2026 оны аравдугаар сарын 12-16-ны хооронд прокурорын байгууллага 45,201 эрүүгийн хэрэгт хяналт тавьж, 1,476 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд хэрэг бүртгэлтийн 770 хэрэг шинээр нээгдэж, 342 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийн дотор хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 131, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 84, өмчлөх эрхийн эсрэг 81, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 17 хэрэг байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг болон хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр долоо, авлигын эсрэг тав, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг дөрөв, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гурав, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг хоёр хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Эдийн засгийн гэмт хэргийн нэг хэрэг мөн багтжээ.
Эдийн засгийн гэмт хэргийн хүрээнд Л.А, Э.У нар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байхдаа 2024 оны 8-11 дүгээр сард нэр бүхий хуулийн этгээд, иргэдэд шар манжин худалдан борлуулсан мэтээр санхүүгийн анхан шатны баримт буюу и-баримтыг хуурамчаар үүсгэж, ашигласан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тэд уг баримтаа ашиглан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмыг зөрчиж, хүнсний ногооны урамшуулалд хамрагдсан. 2024 оны 12 дугаар сарын 20-ноос 2025 оны 2 дугаар сарын 24-ний хооронд Л.А нь 2 тэрбум 203 сая төгрөг, Э.У нь 354 сая төгрөгийг хууль бусаар авсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэг (мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах)-т зааснаар хоёр хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Холбоотой мэдээ

М.Батчулуунд бүх насаар хорих ял оноосон шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болголоо

Жирэмсэн эмэгтэй, 4 настай охиныг хөнөөсөн хэрэгт давж заалдах шүүх хурал боллоо

Цемент Шохойн удирдлагуудад холбогдох 4.6 тэрбумын хэрэг шүүхэд очжээ

УИХ тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, амт, үнэрийг хориглов

Гараашны татварыг чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж, санал авч эхэлжээ

