Хуучин хувцасны дэлгүүр залуусын сонголт болж байна

Улаанбаатарт хуучин хувцас зардаг thrift shop-ууд олширч, залуусын дунд эрэлт нэмэгдсэн байна. Залуус шинэ хувцаснаас илүүтэй хуучин хувцсыг сонгох болсон нь үнэ төлбөрөөс гадна байгальд ээлтэй хэрэглээний соёлтой холбоотой гэж үзэж байна.
Загварын салбарын “fast fashion” буюу хурдан хувцасны үйлдвэрлэл нь дэлхийд усыг хамгийн их бохирдуулдаг хоёр дахь том салбар аж. Тренд дагаж хурдан үйлдвэрлэгдээд хаягддаг хувцас нь хүлэмжийн хийн 10 хувийг ялгаруулж, усны нөөцийг ихээр бохирдуулдаг. Жишээ нь, нэг жинсэн өмд үйлдвэрлэхэд нэг хүний долоон жилийн ундны устай тэнцэх ус зарцуулдаг гэсэн тооцоо бий.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн мэдээлснээр дэлхий даяар жилд 92 сая тонн хувцас, нэхмэлийн хаягдал үүсдэг бөгөөд секунд тутамд нэг ачааны машины хэмжээний хувцас хогийн цэгт хаягддаг эсвэл шатаагддаг аж. Сүүлийн 15 жилд хувцасны үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдсэн ч нэг хувцсыг өмсөх хугацаа 36 хувиар буурчээ. Энэ нөхцөлд хуучин хувцсыг дахин худалдаалах нь хэрэглээг эргэлтэд оруулах боломж болж байна.
Thrift shop-ын үйлчлүүлэгч Р.Ууганбаяр “Анх энгийн дэлгүүрийг бодвол үнэ нь хямд учраас орж үйлчлүүлж байсан. Хэрэгцээт бараагаа харж байгаад авдаг. Нэг футболка, пальто авч байсан. Хүмүүс өөрсдөө гараар хийсэн зүйлс, цацагтай гэх мэт өвөрмөц зүйлс олон байдаг ч би энгийн хэрнээ чанартайг нь сонгож авдаг. Гадуур зарагддаг хятадын бараануудаас чанар хавь илүү. Байгальд ээлтэй хэрэглээний нэг хэлбэр” гэж ярьсан бол М.Бархас “Хуучин хувцас өмсөх нь ичмээр зүйл биш, өөрийн гэсэн өвөрмөц хэв маягийг бүтээж байгаа ‘COOL’ залуусын сонголт болсон” гэжээ.
Ч.Санчирмаа “Анх Thriftshop-оор үйлчлүүлэх болсон шалтгаан мэдээж байгальд ээлтэй, original зарагддагаасаа хямдхан байдаг. Миний сонирхдог ‘vintage’ хувцаснууд их олддог. Бага байхад ‘хүний хуучин хувцас өмсөж болохгүй’ гэж захидаг байсан болохоор анх эвгүй санагддаг байсан. Одоо бол санхүүд ч, байгальд ч ээлтэй гэдэг утгаараа сонгох дуртай болсон” гэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

