Хүрэн баавгайн дуудлага мэдээлэл өдөрт 50-60-аас долоо болж буурчээ
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрч байгаатай холбоогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өгсөн байна.
"Өнөөдрийн байдлаар нийт есөн аймагт 1,500 хүнтэй 98 хөдөлгөөнт бүлэг ажиллаж байгаа. Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн тоо цөөрч байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал өдөрт 50-60 дуудлага мэдээлэл ирдэг байсан бол өчигдрийн байдлаар долоон дуудлага бүртгэгдсэн" гэж тэрбээр хэлжээ.
Хөдөлгөөнт бүлгүүд зарим баавгайг орон нутаг руу нь үргээх арга хэмжээ авч, өнөөдрийн байдлаар нийт 50 орчим баавгайг аюулгүй болгосон байна. Хөдөө орон нутгийн иргэд өвөлжөөндөө бууж байгаа учраас хүн хүч муутай, аюул хэвээр үргэлжилж байна.
Яамнаас дөрвөн багц тендерийн сонгон шалгаруулалт хийсэн бөгөөд хоёр багц тендер дээр оролцогч компаниуд шалгараад гомдлын хоногоо хүлээж байна. Гомдлын хугацаа дууссан тохиолдолд гэрээ байгуулагдана.
Цаашид дунд болон урт хугацааны төлөвлөгөө гаргаж ажиллах шаардлагатай гэдгийг сайд онцлов. "Хэдийгээр цаг улирал хүйтэрч байгаа боловч зарим нэг баавгай ичихгүй байх асуудлыг мэргэжлийн анчид ярьж байна. Ихэнх нь ичих ёстой. Хавар баавгай ичээнээсээ гарсан үед идэш хоол тээж хайх асуудал эргээд гарах эрсдэл бий" гэж Ц.Сандаг-Очир хэлсэн.
"Ирэх жил манай яамнаас сүүлийн 40 орчим жил хийгдээгүй байгаа баавгайн тоо толгойг судлах ажлыг хийхээр бэлтгэл ажил хангаж байгаа" гэж тэрбээр нэмж мэдээлжээ.
Холбоотой мэдээ

Архангай аймгийн Тариат суманд нуурын мөс цөмөрч суудлын автомашин живжээ

Өвөлжилтөд 96 давс цацагч, 432 зам цэвэрлэгч машин ажиллана

Нөмрөгийн дархан цаазат газрын 468 мянган га талбай түймэрт өртжээ

НӨАТ-ын сугалааны тохирол: хоёр супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн болов

Годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 20 гаруй мянган ямаа устгагдсан

