Хүнсний үнэ 20 жилд 5-10 дахин өссөн гэв

AI мэдээ
Хүнсний үнэ 20 жилд 5-10 дахин өссөн гэв

УИХ-ын гишүүн М.Мандхай даргалах "Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдлын хэрэгжилт" сонсгол 9 сарын 28, 29-нд Төрийн ордонд болно.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай салбарын нөхцөл байдлын талаар ярихдаа хөдөө аж ахуйн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрлүүдийг дурдав. Улаан буудай, арьс шир, сүү, хүнсний ногоо, ноос, ноолуур, бүр чацарганы тариалалтад хүртэл урамшуулал олгогдож байгааг тэрээр онцлов.

Гэхдээ төр өгөөд л байдаг, татвар төлөгчдийн мөнгийг өмнөөс нь шийдэж төр өгсөөр ирсэн атал үр дүн өөрчлөлт гарсан уу. Үр нөлөө сайтай байсан бол өнөөдөр мах 3500 төгрөгөөс 35 мянган төгрөг болтлоо өсөх байсан уу.

Махны үнэ 3500 төгрөгөөс 35 мянган төгрөг болж, гурил 750 төгрөгөөс 3450 төгрөг, сүү 850 төгрөгөөс 4500 төгрөг болж өссөн гэж М.Мандхай хэлэв. Дэлхийн улс орнуудад сүүлийн 20 жилд хүнсний барааны үнэ дундажаар 2 дахин өссөн гэсэн судалгаа байхад манайд 5-10 дахин өссөнийг тэрээр харамсалтай гэж үзэв.

Төрийн дэмжлэг байгаа олж, хэрэгцээт хүмүүстээ хүрсэн бол иргэд цалингаа бүхэлд нь хүнсэндээ зарцуулахгүй байх байсан гэсэн логик байгааг тэрээр дурдав. Салбарын өсөлт харагдахгүй, ургацын гарц нэмэгдээгүйгээр үл барам ерээд оны үзүүлэлтээс буурсан үзүүлэлт ч байгааг онцлов.

Сонсголоос төр хаана алдсан, тариаланчид, аж ахуйн нэгжүүд хэр хариуцлагатай ажилласан гэдгийг дүгнэх боломжтой гэж М.Мандхай үзэж байна. УИХ хууль тогтоох, иргэдийг төлөөлөхөөс гадна хянах чиг үүрэгтэй гэдгийг тэрээр сануулав.

Нийгэм, эдийн засагУлс төрУншигчдад
11

Холбоотой мэдээ