Хүнс, хөдөө аж ахуйн салбарын төрийн дэмжлэгийн сонсголын ажлын хэсэг хуралдав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан ажлын хэсэг "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт" сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий хуралдаанаа хийлээ.
Хуралдаанд УИХ-ын гишүүд Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, М.Ганхүлэг, Л.Мөнхбаясгалан нар оролцсон. Шинжээчид 2015-2025 оны хооронд тус салбарт 29 хөтөлбөр, аян, хөдөлгөөний хүрээнд нийт 1,3 их наяд төгрөгийг төрийн дэмжлэг, урамшуулал, хүүгийн татааст олгосныг танилцуулсан. Энэ хугацаанд салбарын төсөв тав дахин нэмэгдсэн гэж шинжээчид онцолсон.
Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай гурван байгууллагаас зургаан хайрцаг мэдээлэл ирсэн ч зөрүүтэй, бодит тоон мэдээлэл дутмаг байгааг анхааруулав. Холбогдох тайлбар, мэдээллээ ирэх долоо хоногт багтаан бүрэн, цэгцтэй, тодорхой ирүүлэх чиглэлийг яам, байгууллагуудад өгсөн.
УИХ-ын гишүүд тайланд зээлд хамрагдсан үйлдвэрлэгчид, мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдийг аймаг, бүс нутгаар ангилж, зээлийн хүртээмжийг ил болгох, зээл авсан аж ахуйн нэгж, өмчлөгчийн нэр, эргэн төлөлт, хүүгийн татаасын дүн, зээлийг зориулалтын бусаар ашигласан эсэхийг тодорхой болгох шаардлагатай гэсэн санал хэлэв. Мөн мэдээлэл ирүүлээгүй бол холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн.
Хуралдааны дараа ажлын хэсгийнхэн хэвлэлийн бага хурал хийж, сонсголын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

