Хүннү нар нар, сарыг шүтэж, нуурын толинд тусгаж тангараг өргөдөг байжээ

"Чингис хаанаас өмнөх Монголын тал нутаг дахь шашин, шүтлэг" олон улсын эрдэм шинжилгээний хурал Чингис хаан үндэсний музейд боллоо. Хурлын үеэр Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн доктор, дэд профессор А.Энхтөр "Хүннүчүүдийн нар сарны шүтлэг" сэдвээр илтгэл тавьсан.
Хүннү нарын сурвалжид Шанью "Өглөө наранд, үдэш саранд мөргөдөг" гэж бичсэн байдаг бөгөөд бусад олон сурвалж Хүннү нар нар, сарыг шүтэж ирснийг баталдаг байна.
Тэд хавар тавдугаар сард Луут хотдоо цуглаж тахилга үйлддэг байсан бөгөөд яг тэр үед нар, сар хоёр зэрэг гардаг үе таардаг байжээ. Ингэхдээ хотынхоо зүүн урд болон зүүн талдаа хиймэл цөөрөм байгуулдаг байсан нь хожим археологийн малтлагаар олдсон байна.
Төв аймгийн Баянжаргалан болон Мөнгөнморьт сумын нутагт, Хэнтий аймгийн Баян-овоо сумын эртний хүннүгийн хот зэргээс дөрвөлжин хэлбэрийн цөөрмүүд олдсон байдаг.
Нар, сарыг нуурын толионд тусгаж тангараг өргөдөг байсан
Хүннүчүүд зориудаар суваг татаж цөөрөм байгуулж байсны учир нь тахилгад зориулсан буюу нар, сарыг нуурын толионд тусгаж, ирэх жилийн аян дайн, нутаг бэлчээрийнхээ талаар ярилцахаас гадна эзэн ноёндоо үнэнч байх тангаргаа өргөдөг байсан гэж үзсэн байна. Энэ нь нөгөө ертөнцтэй харьцах толь буюу өвөг дээдэстээ тангараг өгч байна гэсэн үг аж.
Уг уламжлал хожмын үед ч байсаар ирснийг олон сурвалж баталдаг. Тухайлбал Түрэгийн хааны хөшөөний титэм дээр нар, сарыг дүрсэлсэн байдаг. Японы Ансэйгийн үеийн ханын зураг дээр нар, сарыг дээрээ залсан өргөөнд хаадтай уулзаж байгааг дүрсэлсэн байдаг. Энэ нь нар сарны шүтлэг тасралтгүй үргэлжилж байсныг илтгэдэг гэв.
Зөвхөн хүннү нарын язгууртан дээдэс биш энгийн иргэд ч мөн адил хуульчилсан юм шиг бүх оршуулгууд нь хойд зүг рүү харсан, алт, мөнгө, төмрөөр хийсэн нар, сарны дүрслэлтэй байдаг аж. Хүннүгийн үед ийм тогтсон ертөнцийг үзэх үзэл гүн бат суусан байсан нь нар, сарны шүтлэг эрт үеэс уламжилсныг илтгэдэг байна.

"Монголчуудын эзэнт гүрний үед ч нар, сарыг шүтэх уламжлал, нуур усанд тангараг тавих явдал байсан"
Монголчуудын эзэнт гүрний үед ч нар, сарыг шүтэх уламжлал, нуур усанд тангараг тавих явдал байсан гэв. Жишээ нь Чингис хааныг Хар зүрхний хөх нуурт байхад нь алтан ургийн ноёд ирээд хаан болгодог, Занабазарыг Ширээт цагаан нуурын дэргэд Монголын анхдугаар Богд Жавзундамба хутагтаар өргөмжилсөн байдаг. Эдгээр түүх бүгд заавал нуур устай холбогдож байдаг нь нуур усан дээр нар, сарыг тусгаж гурван ертөнцийн бэлгэдэл дор өвөг дээдэстээ ам өчиг өгдөг байсан гэж үзэж байгаа аж.
Монголын нууц товчоонд Тайчууд Есүхэй баатрыг үхсэний дараа Тэмүүжин, Өэлүн эхийг хаяад нүүхэд нь Чирха өвгөн эзэн ноёндоо өргөсөн тангарагтаа үнэнч байгаач гэж овгийнхоо тугаараа даллаад ирэхэд Тодойн Гиртэ өвгөний зоо нурууг жадлаад "Цээлийн ус ширгэв Цэгээн чулуу хагарав" гэж хэлдэг. Энэ нь тангараг тавьсан нуур чинь ширгээд алга болсон учир тангаргаа зөрчиж болно гэсэн үг гэдгийг илтгэсэн байдаг бөгөөд энэ мэт уламжлал Монголын нууц товчоонд хадгалагдаж үлдсэн байдаг.
Мөн Монголын нууц товчоонд Есүхэй баатар Тэмүүжинийг аваад хүргэн талбихаар явж байх замд нь Хонгирадын Дэй сэцэнтэй дайралдаж "Би урьд шөнө, нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу, нар сар хоёрыг атган нисэж ирээд миний гар дээр буув гэж зүүдлэв. Энэ нь Хиадын сүлд буюу...Ямар сайн тохиол учрах болов" гэсэн байдаг бөгөөд мөн л нар, сарны тухай өгүүлсэн байна.
Өнөөгийн Монголчуудын өвөг дээдэс болох 13-р зууны хаад шууд Хүннүгийн хойчис байсныг шүтлэг бишрэл нь нэг байсан нь илтгэж байна гэв.

Холбоотой мэдээ

Ойн түймэр экосистемд их хохирол учруулдаг гэв

Монголын нэрээр миссийн тэмцээнд оролцож буй хүний иргэншлийг шалгаж байна

Утга зохиолын Нобелийн шагналыг Канадын зохиолч Энн Карсон хүртлээ

🕊️ АВРАЛЫН ШҮТЭЭН | Иог, бясалгалын хөрөг нэвтрүүлгийн хэсгээс

АВРАЛЫН ШҮТЭЭН | Иог, бясалгалын хөрөг нэвтрүүлэг

